Уул уурхай, эрчим хүч барилгын салбарын ажлын байран дах шуугиан болон доргион, ерөнхий тоосны агууламж, эрүүл ахуйн үнэлгээ

2015-10-31

 Үндэслэл

Монгол Улсын эдийн засагт уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин өндөртэй салбар давамгайлах чиг хандлагатай байна.

Эдгээр салбаруудын ажлын байруудад шуугиан болон доргион, ерөнхий тоосны агууламж хэмжээ стандартад заасан ЗДХ-нээс их байдаг нь зохих үнэлгээ, хяналтын үр дүнгүүд харуулж байна. Иймээс эрсдэлтэй ажлын байруудад ажиллаж буй ажилтнуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байх магадлалтай.

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн 2013 оны жилийн эцсийн тайлангаар Монгол улсын хэмжээнд Мэргэжлээс шалтгаалсан өвчний 9759 тохиолдол бүртгэгдсэнээс Хронический пылевой бронхит (J68) 3939 (40.3%), Хронический пояснично крестцовый радикулит (G54) 1374 (14.1%),  Антракосиликоз, пневмокониоз (J60) 1053 (10.8%), Хордлогууд (T52-60) 786 (8.1%), Силикоз, силикотуберкулёз (J61-J65) 707 (7.2%), Деформирующий остеоартроз локтевых суставов (M21) 408 (4.2%), нейросенсорный тугоухост 306 (3.2%), вибрационные болезни 25 (0.2%),  бусад 1161 (11.9) тохиолдол бүртгэгдсэн байна.      

Зорилго

Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байран дахь шуугиан болон доргион, ерөнхий тоосны агууламжинд зохих стандарт нормтой харьцуулан эрүүл ахуйн үнэлгээ өгөхөд судалгааны ажлын зорилго оршино.

Mатериал, арга зүй

     Судалгааны арга ба загвар

Нэг агшингийн судалгааны загвараар явуулж, ХЭМСТ-ийг түшиглэн мэдээ, материалыг баримтын аргаар цуглуулж, мэдээлэлд “SPSS-17” программыг ашиглан зохих статистик боловсруулалт хийж “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Шуугиан норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5002:2000”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS 4994:2000”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага MNS 4990:2000” стандартуудын ЗДХ, нормтой харьцуулан эрүүл ахуйн үнэлгээ, дүгнэлт өгөв.        

      Судалгааны хамрах хүрээ

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Хөдөлмөрийн нөхцөл судлал, хяналтын газрын сүүлийн 5 (2010-2014 он) жилийн хугацаанд хийгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үр дүнг судалгааны мэдээ, материал болгон ашигласан ба Эрчим хүч, уул уурхай, барилгын салбарын аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байруудыг хамруулан хийгдсэн хөдөлмөрийн эрүүл ахуйн зарим үзүүлэлтийн хэмжилтийг оруулав.

Судалгаанд хамрагдсан 3 салбарын 89 аж ахуйн нэгж байгууллагын 740 ажлын байрнаас 686 ажлын байранд шуугианы хэмжилт, 175 ажлын байранд доргионы хэмжилт, 448 ажлын байранд ерөнхий тоосны хэмжилт хийгдсэн үр дүнгүүдийг хамруулсан. 

Үр дүн

Шуугианы хэмжилт хийгдсэн ажлын байруудын (686) шуугианы дундаж түвшин 87.2±9.0 дБА байв. Уул уурхайн салбарын 10 ажлын байр тутмын 7 ажлын байранд шуугианы түвшин ЗДХ=85 дБА-нээс их байна.

Доргионы хэмжилт хийгдсэн ажлын байруудын (175) доргионы дундаж түвшин 98.4±26.7 дБ байв. Уул уурхайн, эрчим хүчний салбарын 10 ажлын байр тутмын 5-6 ажлын байрны доргионы түвшин ЗДХ=95 дБА-нээс их байна (Хүснэгт 1, 2).  

Ажлын байрны ерөнхий тоосны хэмжилтийг нийт (448) ажлын байранд хэмжсэнээс дундаж хэмжээ  30.7±3.7 мг/м3  байгаа нь зохих стандартуудын (ЗДХ=6-10 мг/м3) хэмжээнээс 3-5 дахин их байсан бөгөөд уул уурхай, барилгын салбарын 10 нь  ажлын байр тутмын 5-7 ажлын байранд тоосны агууламж стандартын үзүүлэлтээс өндөр байна.     

Дүгнэлт:

Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын 10 ажлын байр тутмын 5-7 ажлын байр нь эрүүл ахуйн зарим үзүүлэлт (ажлын байрны шуугиан, доргион, ерөнхий тоос)-ээр зохих стандартын шаардлага хангахгүй буюу эрсдэлтэй ажлын байр байна.   

Холбоотой мэдээ