Тогоочийн аюулгүй ажиллагаа

2016-01-18
1. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага
 
1.1 Энэхүү аюулгүй ажиллагааны зааварчилгааг нийтийн хоолны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид мөрдөх бөгөөд ажлын байрны нөхцөл, тоног төхөөрөмжид засвар, өөрчлөлт орох бүрт нэмэлт өөрчлөлт оруулан баталж мөрдөх болно.
 
1.2 Тогооч нарт үйлдвэрлэлийн аюултай болон хортой дараах хүчин зүйлүүд нөлөөлж болно. Үүнд:
  • Тоног төхөөрөмжүүдийн эргэлдэх болон хөдөлгөөнт эд ангиуд
  • Тоног төхөөрөмжийн халсан гадаргуу
  • Хөргөх төхөөрөмжийн хөлдөөгч гадаргуу
  • Ажлын бүс дэх агаарын температур нэмэгдэх
  • Ажлын бүс дэх шуугиан нэмэгдэх
  • Шатдаг хийн түлшний тоног төхөөрөмж
  • Цахилгаан хэлхээний хүчдэл
  • Ажлын байрны гэрэлтүүлэг зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байх
  • Ажлын бүсийн агаар дахь хортой бодисууд Цахилгаан соронзон орны үйлчлэл
  • Ажлын байран дахь хайрцаг, хурц ирмэгтэй эд хогшил, багаж хэрэгсэл, тэгш бус гадаргуутай тоног төхөөрөмжүүд
  • Сэтгэлзүйн болон биеийн хүчний ачаалал
1.3 Тогооч нь ажил гүйцэтгэж байхад биед нь ямар нэг зовиур илрэх, үйлдвэрлэлийн осол гарах, ажиллагсдын болон өөрийнх нь амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох аливаа нэг зөрчил илэрвэл тухай бүр ажлын удирдагчид яаралтай мэдэгдэж уг зөрчлийг арилгуулсны дараа ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой.
 
1.4 Тогооч нь доорхи зүйлүүдийг заавал хийнэ. Үүнд:
  • Гадуур хувцас, малгай, гутал, бусад зүйлийг заавал тайлж хувцасны шүүгээнд хийнэ.
  • Ажил эхлэхийн өмнө гараа заавал савандаж угаах ба ажлын цэвэр хувцас өмсч, үсээ зориулалтын малгайгаар халхална. /урт үстэй бол дээш нь шууна/
  • Ээмэг, бөгж, цаг, хүзүүний зүүлт зэргийг ажиллах үед авсан байх ба хумсаа богиносгож, лак түрхээгүй байна.
  • Бие засах газар орох бүртээ гараа савандаж угаах ба ажлын хувцсыг бохирдсон тухай бүр цэвэрлэж хэрэглэнэ.
2. Ажил эхлэхийн өмнөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 
2.1 Ажлын хувцас өмсч бүх товчийг бүрэн тоочилж, сул унжуулахгүй байх, хувцсандаа ямар нэг зүү, хайч, хутга гэх мэт биед гэмтэл цочрол үзүүлж болох хурц үзүүртэй зүйл байгаа эсэхийг шалгах
 
2.2 Ажлын байран дахь агааржуулалт, гэрэлтүүлэг хэвийн эсэх, тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал,
 
2.3 Ажлын бүс дэх зам, гарч чөлөөтэй эсэх, хоол үйлдвэрлэлийн ширээ, тавиур, тоног эд, тэргэнцэр зэрэг нь тохиромжтой байрлагдсан эсэхийг тус тус шалгана.
 
2.4 Ажлын байранд тавигддаг модон зогсоолын бүрэн бүтэн байдал, цахилгааны пускатель, утас, розетка, залгуур, унтраагуул, тоног төхөөрөмжүүдийн газардуулга зэргийг гадна талаас нь харж шалгах.
 
2.5 Тоног төхөөрөмжийн халах гадаргууд ямар нэг ан цав гарсан эсэх, эргэлдэх болон хөдөлгөөнт эд ангиудын бэхэлгээ хэвийн байгаа, эсэхийг гадна талаас нь харж шалгана.
 
2.6 Хяналт, хэмжилт, тохируулгын хэрэгслүүд хэвийн байгаа эсэхийг шалгана. /лац, ломбо, даралтат савны үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа, даралт хэмжигчийн зүү “0”заалт дээр байгаа эсэх, шилний бүтэн байдал, хэмжилт хяналтын хэрэгслийн гадна талд ажиллагаанд нь нөлөөлж болох механик гэмтэл байгаа эсэх гэх мэт/
 
2.7 Тоног төхөөрөмжүүдийн гагнуурын оёос, бэхэлгээний боолтууд, жийргэвчний бүрэн бүтэн байдлыг шалгах
 
2.8 Ажлын байрны шал нойтон, гулгаатай, тэгш бус, ан цав гарч, хагарсан эсэхийг шалгах,
 
2.9 Үйлдвэрлэлийн ширээний гадаргуугийн тэгш байдал, ямар нэг ан цав, цууралттай байгаа эсэхийг шалгах,
 
2.10 Ажлын үед хэрэглэх хутга, шанага, хутгуур, хавчаар зэрэг багажуудын бариул нь найдвартай бэхлэгдсэн, хуруу гулгаж зүсэгдэхээс хамгаалах хамгаалалттай, хуурай, ямар нэг гэмтэлгүй байгаа эсэхийг шалгах,
 
2.11 Цахилгаан зуухыг залгахын өмнө түүний ширэм сууриндаа хэвийн суусан эсэх, шарагчийн лист, тень хэвийн эсэх, залгагчийн заалт “0” заалт дээр байгаа эсэхийг тус тус шалгах
 
2.12 Хоол чанагч тогоог залгахын өмнө савны цэвэрлэгээ, шүүлтүүр болон хамгаалах клапангийн нүх цэвэр, чөлөөтэй эсэх, усны түвшин хэмжигч хэвийн эсэхийг тус тус шалгах, тогооны усны савны даралтын хязгаарыг зөв тохируулах, усны түвшинг тогооны амсраас 10-15 см доор байлгах
 
2.13 Тогоонд бүтээгдэхүүнийг хийсний дараа таган дээрхи клапанг тэнхлэгийн дагуу 2-3 удаа эргүүлж шалгана. Хамгаалах клапангийн агаарын хоолойг онгойлгож, уур гартал байлгах ба тогооны цамц халсны дараа агаарын клапанг хааж битүүмжлэгдсэн тагны бариулыг эргүүлж дарааллынх нь дагуу хаах
 
2.14 Хурдан буцалгагчийг ажиллуулахын өмнө түүний таг, хянах гэрлэн дохиоллуудыг шалгах
 
2.15 Хийн түлшний тоног төхөөрөмж ашигладаг бол дараах зүйлүүдийг заавал шалгах
  •  Баллоны битүүмжлэлийг савангийн уусмал ашиглан шалгах
  • Баллоны хаалт вентиль гэмтээгүй эсэх
  • Баллоны хаалтаас хий алдагдаж байгаа эсэхийг шалгах хийн түлшний плитканы холбох хоолой цуурсан эсэх
  • Хийн түлшний плитканы очлуур хэвийн эсэх
  • Хийн редуктор хэвийн эсэх
  • Хийн түлшний плитканы ойролцоо болон түүний дээр ямар нэг шатах зүйлс байгаа эсэхийг шалгана
  • Хийн түлшний плитка ашиглах үед хэрэглэгдэх агааржуулалтын системийн ажиллагаа хэвийн эсэх

Дээрх шалгалтуудыг хийх үед тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдэд ямар нэг гэмтэл согог илэрвэл түүнийг заавал арилгуулсны дараа ажил гүйцэтгэнэ.

3. Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 
3.1 тогоочийн ажлыг 18 насанд хүрсэн, мэргэжлийн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан, аюулгүй ажиллах арга барилд суралцаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан хүн гүйцэтгэнэ.
 
3.2 Өөрийн ажлыг гаднын болон мэргэжлийн сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, сургалтад хамрагдаж зааварчилгаа авсан боловч ажил удирдагчаас зөвшөөрч томилоогүй хүнээр гүйцэтгүүлэхийг гүйцэтгэнэ.
 
3.3 Ажлыг зөвхөн зориулалтын бүрэн бүтэн багаж хэрэгслээр гүйцэтгэнэ
 
3.4 Ажлаа зөвхөн зөвшөөрөгдсөн зам гарцын дагуу явж гүйцэтгэх ба зам гарц, аваарын гарыг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, түүхий эд, хайрцаг саваар хааж таглахыг хориглоно.
 
3.5 Ажлын байрыг зохих дүрмийн дагуу цэвэрлэсэн байх ба шалан дээр ямар нэг бүтээгдэхүүн, ус, тос асгасан байхыг хориглоно
 
3.6 Халуун зүйлтэй харьцахдаа заавал гар хамгаалах бээлий өмссөн байна.
 
3.7 Усны крантыг нээж хаахдаа болгоомжтой аажуухан эргүүлж онгойлгож хаах ба үүний тулд ямар нэг алх, түлхүүр зэргийг ашиглахыг хориглоно
 
3.8 Хайрцаг савтай, таглаатай зүйлийг онгойлгохдоо зориулалтын багаж хэрэглэх ба ямар нэг зүйлийг орлуулан хэрэглэхийг хориглоно
 
3.9 Хутгатай харьцаж ажиллахдаа гараа зүсэхээс болгоомжлон ажиллах ба ашиглаагүй үед заавал хамгаалалтын гэр, уутанд хийж байлгана. Ажил гүйцэтгэж байх үедээ хутгыг гартаа барьж явах, ирийг нь гараараа шалгах, огцом эргэлт, хөдөлгөөн хийх, овор ихтэй бүтээгдэхүүн, түүхий эд авахыг хориглоно.
 
3.10 Том оврын маслыг утас ашиглан хуваахдаа утсыг гараараа татахыг хориглоно
 
3.11 Түүхий эд, бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын сав, хайрцагт жин хэтрүүлэхгүйгээр хийж зөөвөрлөнө
 
3.12 Ажлын байранд янз бүрийн хайрцаг, саван дээр суухыг хориглоно
 
3.13 Угаах болон ариутгах шингэнийг бэлтгэхдээ эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээгээр бэлтгэх ба шингэний температурыг 50 градусаас хэтрүүлэхгүй байлгаж, гар дээрээ дусаахаас болгоомжилж, хэрэглэхдээ тоосруулж цацахыг хориглоно
 
3.14 Ажил гүйцэтгэх үедээ бусад төрөл бүрийн багаж хэрэгсэл ашиглавал үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөж ажиллана. Мөн төхөөрөмжийн суурилагдсан байдал, ажлын багаж хэрэгсэл, түүхий эд
 
3.15 Хоол чанах тогоог ашиглах явцад даралтыг 0.5 кгс/см-оос хэтрүүлэхийг хориглоно. Тогоог ажиллаж байхад усны түвшний крантыг онгойлгох, ус юүлэхийг хориглох ба тогоог ажлын дараа цэвэрлэсний дараа заавал таглана. Хоол чанаж дууссаны дараа “СТОП” кнопийг даран унтрааж, цахилгаан сүлжээнээс салгана. Үүний дараа клапанг модон түлхэгчээр түлхэж онгойлгон уур, хийг гаргах ба тагны бариулыг болгоомжтой эргүүлж тогооны тагийг онгойлгоно. Тогооноос хоолыг авсны дараа буцаан хааж “УГААХ” гэсэн крантыг онгойлгон ус хийж, тогоог бүрэн угааж цэвэрлэсний дараа усыг юулж, тогоог арчиж хатаана.
 
3.16 Хурдан буцалгагч, шарагчийг ашиглахдаа
  •  Шарагчийг унтраасны дараа тосыг хөртөл байлгаад тусгай зориулалтын саванд юүлж авна. Юүлж авахдаа цалгих, гоожихоос болгоомжилж ажиллана. Халуун тосонд ус хийж болохгүй
  • Шарагчид тос нэмэхдээ урьдчилан 170-180 градуст халаасан тосыг бага хэмжээгээр гоожуулж нэмнэ.
  • Шарагчаас бүтээгдэхүүнийг авсны дараа зориулалтын торон тавиур дээр тавина
  • Бүтээгдэхүүнийг шарах үедээ заавал хавчаар хэрэглэнэ.
  • Шарах ажиллагаа явагдаж байхад хиншүү, хярвас гарвал шарагчийг нэн даруй унтраана
  • Хурдан буцалгагч, шарагчийн температурын мэдрэгч гэмтэлтэй тохиолдолд ажиллуулахыг хориглоно
  • Шарагчийг халаах гадаргууг усаар хөргөж болох ба хурдан буцалгагч, шарагчийг цахилгааны холбогдолтой орхиж болохгүй
3.17 Хөлдөөх төхөөрөмжийг ашиглах үед:
  • Хөлдөөх бүтээгдэхүүнийг хадгалахдаа тохирсон температурт хадгална. Хөлдөөх бүтээгдэхүүнийг хөлдөөх камерын хэмжээнээс хэтрүүлэн, чихэж хийхийг хориглоно.
  • Хөлдөөгчийн хөлдөөх камерын доторх цас, мөсний зузаан 5 мм-ээс хэтэрвэл бүтээгдэхүүнийг гаргаж цэвэрлэнэ.
  • Хөлдөөгчийг газардуулахгүй, автоматикийн төхөөрөмжүүд нь ажиллахгүй байгаа үед ашиглахыг хориглоно.
  • Хөлдөөх камерт хийсэн бүтээгдэхүүнийг авахдаа хутга зэрэг хурц ирмэгтэй зүйлийг ашиглахыг хориглоно.
  • Хоол бэлтгэх технологийн явцад гурил, крахмал зэрэг ажлын байрны агаарыг бохирдуулах ажиллагааг тусгай тоноглогдсон өрөөнд явуулна.
  • Цахилгаан зуухан дээр шингэн зүйл буцалгах, чанахдаа савны хэмжээний 80%-иас их хийхийг хориглоно.
  • Шарах шүүгээ, шарагчийн хаалга нь жигд зайгүй, нягт хаагддаг байх ёстой.
  • Шарах шүүгээ, шарагчийн хаалга нь жигд зайгүй, нягт хаагддаг байх ёстой.
  • Шарах шүүгээ, шарагчийг халууны температурыг ашиглалтын зааварт зааснаас хэтрүүлэхийг хориглоно.
  • Шатдаг хийн плитка ашиглах явцад түүнд заавал сорох хоолой байх ба тодорхой даралтад ажилладаг төхөөрөмжид даралт хэмжигч заавал байлгана.
  • Халуун боловсруулалт хийж байх үед арьс түлэгдэлтээс болгоомжилж аюулгүй зайнаас ажиллагааг гүйцэтгэнэ.
  • Хоолны сав суулгыг заавал тэгш гадаргуутай плиткэн дээр тавина.
  • Хоол боловсруулах савны ёроол гэмтэлтэй байх, бариул нь найдвартай бэхэлгээгүй байх, ан цав, цууралттай байхад ашиглахыг хориглоно.
  • Халуун хоолтой савыг зөөвөрлөхдөө цуг зөөвөрлөх хүнтэйгээ харилцан ойлголцож анхааруулсны дараа хуурай бээлий хийж, өргөж зөөвөрлөнө.
  • Халуун хоолтой савыг плиткэн дээр тавихдаа тусгай өргөх төхөөрөмжтэй тэргэнцэр хэрэглэж “өөрөөсөө гадагш” гэсэн хөдөлгөөний чиглэлээр тавина.
  • Хоолтой сав суулгыг найдвартай, тогтвортой тавиур дээр тавьж хадгална.
  • Тогооч нь бүтээгдэхүүнийг зүсэхдээ, зориулалтын хутга хэрэглэх ба янз бүрийн хэлбэр гаргаж зүсэх бол мөн тусгай хутга хэрэглэнэ.
3.18 Цахилгаан механик тоног төхөөрөмжүүдийг ашиглахдаа
  • Зөвхөн ашиглалтын зааврын дагуу ажиллуулна
  • Төхөөрөмжид боловсруулах бүтээгдэхүүнийг хийхийн өмнө эргэх гол нь түүний их бие дээр заасан чиглэлд эргэж байгаа эсэхийг шалгана.
  • Төхөөрөмжийг ажиллуулахын өмнө түүний дэргэд болон ойролцоо зогсож байгаа ажилчдад заавал анхааруулна.
  • Төхөөрөмжийг залгах, салгахад тогоочийн гар, заавал хуурай байх ба зөвхөн “АСААХ, УНТРААХ”гэсэн товчлуураар гүйцэтгэнэ.
  • Төхөөрөмжийн цахилгааны утас, тусгаарлагчгүй хэсэгт гар, хүрэхийг хориглоно төхөөрөмжийг сольж тавьдаг хэсгүүдийг солихдоо /махны машны хутга гэх мэт/хүчээр угзарч болохгүй ба зориулалтын багажаар авч, буцааж бэхэлнэ төхөөрөмжид боловсруулах бүтээгдэхүүнийг хийхдээ зориулалтын түлхэгч гэх мэтийг ашиглан жигд хийнэ.
  • Төхөөрөмжийг цэвэрлэхдээ мөн зориулалтын саваа мод, хусуур зэргийг ашиглан гүйцэтгэнэ.
  • Тоног төхөөрөмжид үйлчилгээ тохируулга хийхдээ цахилгаан тэжээлийг бүрэн салгаж, эргэлдэх эд ангиудыг бүрэн зогссоны дараа “БҮҮ ЗАЛГА ХҮМҮҮС АЖИЛЛАЖ БАЙНА”гэсэн анхааруулах санамж байрлуулсны дараа хийж гүйцэтгэнэ.
  • Тоног төхөөрөмжийг хаалт, хамгаалалтгүй ажиллуулах, ремены гинжин дамжуулгыг ажиллаж байх үед нь авах хийхийг оролдохыг хатуу хориглоно.
  • Тоног төхөөрөмж дээр ямар нэг багаж хэрэгсэл, түүхий эд гэх мэтийг тавихыг хориглоно.
  • Тоног төхөөрөмжийг ажиллаж байхад түүний дэргэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй хүнийг орхиж явахыг хориглоно.
  • Тоног төхөөрөмж ажиллаж байхад ямар нэг гаж дуу чимээ гарах, хиншүү, хярвас үнэртэх, ажлын эд эрхтэн нь гэмтэх зэрэг тохиолдолд тоног төхөөрөмжийг яаралтай зогсоож, ажлын удирдагчид яаралтай мэдэгдэж засварлуулах арга хэмжээ авахуулна.
3.19 Хийн түлшний төхөөрөмжийг ашиглахдаа:
  • Компанийн захирлын тушаалаар томилогдсон шатдаг хийн түлшний тоног төхөөрөмжийг хариуцагчаас өгсөн зааварчилгааг ягштал мөрдөж ашиглана
  • Агааржуулалтын систем ажиллаагүй үед хийн тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллаж байхад хяналтгүй орхиж явахыг хориглоно
  • Ажлын үед хийн тоног төхөөрөмжийг төмөр мод зэргээр цохих, хий дамжуулах хоолой болон хийн плитканы хаалтыг зориулалтын бус /бахь, түлхүүр, чимхүүр, хөшүүрэг гэх мэт/ зүйлээр эргүүлэхийг хориглоно
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллаж байхад түүний дэргэд бага насны хүүхэд, гаднын оролдох, түүнээс ямар нэг зүйл уях, юм тавихыг хориглоно хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа хийн баллоны хаалтыг нээлттэй орхихыг хориглоно
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллаж байхад түүний ямар нэг эд ангийг солих, засварлах оролдлого хийхийг хатуу хориглоно.
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллаж байхад тогтмол хяналт тавьж байх ба ямар нэг зөрчил /хийн үнэртэх, очлуур ажиллахгүй байх гэх мэт/ илэрвэл тэр даруй хийн тоног төхөөрөмж хариуцагчид мэдэгдэж, зөрчлийг арилгуулсны дараа ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
  • Баллоны баталгаат хугацаа дууссан, хаалт вентиль гэмтсэн, баллоны их бие гадаргуу гэмтсэн тохиолдолд ажиллуулахыг хатуу хориглоно.
  • Хийн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, хийн баллоныг солих үед цахилгаан төхөөрөмжүүдийг тэжээлээс нь салгасан байх ба гаднын хүн байлгах, ил гал гаргах, тамхи татахыг хориглоно.
  • Үйл ажиллагааны явцад хийн алдагдлыг тодорхойлох зорилгоор гал ашиглахыг хатуу хориглоно. Баллоны хаалтыг хааж холбох хоолой дахь үлдэгдэл хийг хийн зуухны очлуурыг дарж асаан дуусгана ажиллагааны явцад хийн тоног төхөөрөмжид засвар хийх шаардлага гарвал заавал мэргэжлийн байгууллага, ажилтанд хандана.
4. Осол аваарын үеийн аюулгүй ажиллагаа, арга хэмжээ
 
4.1. Үйл ажиллагааны явцад тоног төхөөрөмжид ямар нэг гэмтэл илэрвэл юуны өмнө цахилгаан тэжээлийг салгаж, нэмж бүтээгдэхүүн хийлгүй, ажлын удирдагчид мэдэгдэнэ.
 
4.2. Осол аваарын үед ажиллах журмын дагуу ойр орчимд байгаа хүмүүсийг аюулгүй газар шилжүүлнэ. Ажлын бүсэд шатдаг хийн үнэртвэл хамраа нойтон салфеткаар таглаж, цонх, хаалгыг онгойлгож, агааржуулах, хий дамжуулах хоолойн крантыг хаана. Энэ үед цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, агааржуулалтын системийг ажиллуулах, илл гал гаргахыг хатуу хориглоно.
 
4.3. Үйл ажиллагааны явцад ажлын бүс тос, ус, гурил, крахмал зэргээр бохирдсон бол ажлаа зогсоож, кальцжуулсан содын уусмал, чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа ажлаа үргэлжлүүлнэ.
 
4.4. Тос хэт халснаас гал гарч шатвал тэр даруй зузаан даавуу зэргээр бүтээж унтраана.
 
4.5. Ослын үед хүн осолдвол эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ба шаардлагатай бол түргэн тусламж дуудаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авна.
 
4.6. Хийн тоног төхөөрөмж ашиглаж байх үед хий алдагдаж, үнэртэж эхэлсэн тохиолдолд мэргэжлийн байгууллага, хүмүүст яаралтай мэдэгдэж, доорхи арга хэмжээг авна.
  • Хийн тоног төхөөрөмжийг унтраах
  • Баллоны хаалтыг сайн хаах
  • Цахилгаан унтраалга, залгуур зэргээс оч хаяж, богино холбоо үүсэхээс сэргийлэн асаалттай чийдэнг унтраахгүй байх
  • Нэмж цахилгаан тоног төхөөрөмж залгахгүй байх
  • Хамраа нойтон салфтектаар таглаж, цонх хаалгыг онгойлгож агааржуулах ба ил гал гаргахыг хатуу хориглоно.
5. Ажил дуусах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
 
5.1 Ажил дууссаны дараа бүх тоног төхөөрөмжийг унтрааж цахилгаан хангамжийг тэжээлээр нь салгаж, асаах кноп дээр “БҮҮ ЗАЛГА”гэсэн анхааруулга байрлуулна.
5.2 Талх, нарийн боовны төхөөрөмжүүдийн халах гадаргууг усаар хөргөхийг хориглоно.
5.3 Талх, нарийн боовны тоног төхөөрөмжүүдийг бүрэн хөрсний дараа хуурай аргаар цэвэрлэгээ хийнэ
5.4 Ажлын байрыг угааж, цэвэрлэж, хогийг уутанд хийж хаяна.
Ажилчид шүршүүрт орж, ажлын хувцсыг дараа өдрийн ажилд бэлдэнэ.

 

Холбоотой мэдээ