“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК ажлаа танилцууллаа.

2018-01-16

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, тус яамны харъяа Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл  мэндийн төв хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажиллаж шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулсан билээ. Тус болзолт уралдааныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв 7 дахь жилдээ зохион байгуулж, ААН байгууллагуудыг жижиг, дунд, том гэсэн ангилал тус бүрээр шалгаруулсан.  

Өнгөрөгч баасан гаригт ХНХЯ-наа шилдэг ААН-үүдэд шагнал гардуулах ёслол болж, төгсгөлд нь “Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага” ангилалд Дэд байрт  шалгарсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хамт олон үзүүлэх сургуулилт хийсэн юм. 1967 онд байгуулагдсан “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч Цахилгаан станц болон эх үүсвэр үйлдвэрлэгч нараас гарсан эрчим хүчийг өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын тусламжтайгаар хэрэглэгч болон Цахилгаан түгээх сүлжээнүүдэд хүргэх үүрэгтэй 100 хувь төрийн өмчит хувьцаат компани юм.

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангадаг, 71 дэд станц, 50 мянган км агаарын шугамыг эзэмшиж, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцдаг бөгөөд 1125 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тус үзүүлэх сургуулилтийн үеэр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт ямар байдгийг сонирхуулсан. Мөн тус байгууллагын ажилтан эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хэрхэн хангагдсан гэдгээ харуулсан билээ.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ