ХАБЭМТөвийн удирдлагууд “Бор-Өндөр”-ийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн ХАБЭА-н нөхцөл, үйл ажиллагаатай танилцлаа

2018-02-05

     Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, ХАБАЭ-н газрын дарга Г.Нямдэжид, Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, тус төвийн эмч мэргэжилтнүүд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр”-ийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл үйл ажиллагаатай танилцлаа. ХАБЭМТөвийн удирдлагуудыг “Бор-Өндөр” Уулын Баяжуулах Үйлдвэрийн захиргааны хэлтсийн дарга Н.Батчулуун хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр байгууллага хоорондын хамтын ажиллагаа, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг улам сайжруулах талаар ярилцав. Үүний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Уулын цехийн хэсэг буюу газрын гадаргаас 200метрийн газрын гүнд орж нөхцөл байдалтай танилцсан юм.

    Тус компани нь Монгол Улс, ЗХУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд  “Совмонголцветметал” нэртэйгээр анх байгуулагджээ. Мөн түүний харъяа “Бор-Өндөр”-ийн Уулын баяжуулах үйлдвэр нь 1956 оноос геологи-хайгуулын ажлаа эхлүүлсэн бөгөөд 1985 онд Уулын Баяжуулах Үйлдвэр болтлоо өргөжсөн байна. Монголросцветмет ХХК нь монгол улсын хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх компани бөгөөд дэлхийн түвшинд БНХАУ, Мексик, ӨАБНУ зэрэг орнуудын дараа ордог томоохон компани юм.  Хүчлийн болон металлургийн зориурлалтын хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэдэг. Харин ирэх жилүүдэд алт олборлохын зэрэгцээ хүдрийн баяжмал үйлдвэрлэж боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Тус компани нь  техникийн өндөр хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл болдог байна. “Бор-Өндөр”-ийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн хувьд 1168 ажилтантай 12 хэлтэс, цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

       Монголросцветмет ХХК нь геологи хайгуулын ажлыг амжилттай явуулсны үр дүнд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хайгуул болон ашиглалт явуулах 36 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна. 

Холбоотой мэдээ