Ц.Янжинлхам: 2016-2018 онд гарсан нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон

2019-03-22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Янжинлхамтай барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н хууль, дүрэм үйл ажиллагааны талаар ярилцлаа. 

-Барилын салбар дахь ХАБЭА нь өнөөдөр ямар түвшинд байна вэ? 

-Барилгын салбар өөрөө эрсдэл өндөртэй. ХАБЭА-н хууль батлагдсан үеийг бодоход өнөөдөр энэ салбарт нэлээд ахиц гарч байгаа. Үүний нэг тод жишээ бол ХНХЯ-аас жил бүр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага“ болзолт уралдааныг зохион байгуулж ирлээ. Ерөнхийдөө шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н талаар хийж буй ажлын туршлага, оновчтой саналыг нийтэд түгээх ажлыг зохион байгуулж ирсэн нь илүү оновчтой болсон. Нөгөө талаараа зарим байгууллага ХАБЭА-н асуудалдаа тэр болгон анхаарлаа хандуулж чадахгүй байна. Энэ нь нэг талаар тус салбарын үйл ажиллагаа  улирлын шинж чанартай, ХАБЭА-н талаар сургалт, сурталчилгаа хийхэд ажиллах боловсон хүчин тогтвор суурьшилгүй мөн үйл ажиллагаа явуулдаг хугацаа нь богинохон болохоор ашигтай үйл ажиллагаа руугаа түлхүү хандаад ХАБЭА-н асуудлыг хоёрдугаарт авч үзэж байгаатай холбоотой юм болов уу гэж боддог. Манай байгууллага нь  үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-ын ажилтнуудын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийдэг. 2009-2018 оны байдлаар манай төв  нийт 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 5000 орчим ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн байдаг. Үүнээс барилгын салбараас 10 хүрэхгүй байгууллага  хамрагдсан байгаа нь ХАБЭА-н асуудал энэ салбарт ямар түвшинд байгаа нь бидний хийсэн судалгаагаар харагдаж байна. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийнэ гэдэг бол тухайн байгууллагуудад ХАБЭА-н асуудал ямар түвшинд байгааг харуулдаг бөгөөд бид энэ тал дээр тухайн байгууллага цаашид юу хийх вэ гэдэгт зөвлөгөө зөвлөмж өгөхөд оршдог.
Тиймээс барилгын компаниудад ХАБЭА-н талаарх ойлголтыг дээшлүүлж,  ажил олгогч эзэд ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх асуудлаа зөв тодорхойлох, үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, үр дүнгээ үнэлэх, сайжруулах, мэдлэг олгох сургалт, урьдчилан сэргийлэх ажлуудыг тогтмол явуулах шаардлагатай байна.



-Барилгын компаниудын хувьд ХАБЭА-н шаардлага хангаагүйгээс осол аваар их гардаг. Үүнийг бууруулахын тулд энэ жилийн хувьд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ? 

-Монгол Улсад бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр маш олон барилгын компаниуд шинээр бий болж байна. Энэ нь осол аваар гарах бас нэгэн шалтгаан болж байна. Гэхдээ бүгдийг нь осол аваар гаргадаг гэж хэлэхгүй. Мэдээж ХАБЭА-н хууль, дүрэм журмаа мөрдөн ажиллагаагүй компаниудын үйл ажиллагаанаас болж хүний амь эрсдэх, гэмтэх тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 2016-2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн 3 жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа байна. Тиймээс гарч буй үйлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд ажил олгогч эзэд, ажилтны хамтын үүрэг оролцоо маш чухал гэдгийг онцлох нь зүйтэй.
Засгийн газраас ХАБЭА-н үндэсний хөтөлбөрийг 1997 оноос 4 үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. 2017 онд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд  барилгын салбарын дэд хөтөлбөрийг боловсруулах, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнууд, ажилчдад зориулсан гарын авлага, товхимол хэвлүүлэх, хэрэгжүүлэх зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна.



-Барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н мэргэжилтэн ямар шаардлага хангасан байх ёстой вэ? 


-Мэдээж дээд боловсролтой инженер мэргэжилтэй ХАБЭА-н талаарх мэдлэг боловсролоо дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамрагдсан хүн байна. Мэргэшүүлэх сургалтын  сертификат нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг. 2018 онд  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/33  дугаар тушаалын дагуу  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрх авсан ХАБЭА-н сургалтын байгууллагуудад аттестатчилал хийгдсэн.  Энэ аттестатчилалд тэнцсэн 100 гаруй сургалтын байгууллага байдаг. Эдгээрийн 70 гаруй хувь нь мэргэшүүлэх төрлөөр эрх авсан.

-ХАБЭА-н ажилтны буруугаас болж осол аваар гарсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ? 

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36,1, 36.2-т заасны дагуу Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хуульчилсан байдаг.

-Танай байгууллага гадаад орнуудын туршлага судлах хамтран ажиллах зорилгоор ХАБЭА-н төсөл санаачилж хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэхүү төслийн үр дүн, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч? 

-Манай байгууллага Япон, Солонгос, Америк, ОХУ, Герман, Турк, Нидерланд гэх мэт улсуудын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, туршлага судлах, арга зүйн зөвлөгөө авах, сургалт семинар зохион байгуулах ажлыг хийсээр ирсэн. Зөвхөн барилгын салбарт хийгдэж буй төслийн хувьд Япон Улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Барилгын салбарын ХАБ-ын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөлд манай төв 2018 оноос хамрагдаад явж байна. Энэхүү төслийн хүрээнд “ХАБЭА-н орчныг сайжруулах 5 дахь хөтөлбөр”-ийн барилгын салбарын дэд хөтөлбөрийг боловсруулах, барилгын салбарын ХАБ-ын ажилтнууд, ажилчдад зориулсан гарын авлага, товхимол хэвлүүлэх зэрэг ажлыг төлөвлөж байна. Ингэснээр барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрсдэлгүй ажлын байраар хангах асуудлуудад чухал түлхэц болох юм.

-Манай улсын хүн амын ХАБЭА-н талаарх мэдлэг ойлголт дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын хувьд зөвхөн барилгын салбарт мөрдөгдөх ХАБЭА-н талаарх хууль, тогтоомж, стандарт, дүрэм журам хангалттай ч хэрэгжилт тааруухан. Дэлхий нийтийн орнуудтай харьцуулахад мэдээж ямар түвшинд байгаа нь бүгдэд ил харагдаж байгаа гэж бодож байна. Тиймээс бид Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн боловсруулсан “VISION ZERO” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хэмээх үзэл баримтлал, стратегийн салбар, салбарын онцлогт нийцүүлэхээр зорилго тавин  ажиллаж байна.



-Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн хэмжээнд ХАБЭА-н үйл ажиллагааг сайжруулах, чадавхижуулах талаар ямар ажил зохион байгуулж байна вэ? 

-Өнгөрсөн онд манай төвөөс “Асбест агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ, түүний хор нөлөөллөөс сэргийлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулсан. Тус семинарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “ЖАЙКА”, Эрчим хүчний яам, Хавдар судлал үндэсний төв, НЭМҮТ, Барилга хөгжлийн төв, барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон. Энэхүү сургалтаар барилгын салбарын ХАБЭА-н асуудал, цаашлаад барилгын салбарт хамгийн их хэрэглэдэг асбестийн хор хөнөөлийн талаарх мэдлэг ойлголтыг хүргэхийг зорьсон. Үүнээс үүдэн барилгын материал импортлогч байгууллагуудтай холбоо тогтоож асбестийг оруулах бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих талаар санал солилцож, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар хэд, хэдэн ажлыг төлөвлөөд байна.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хэдэн онд батлагдсан бэ? 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд батлагдсан. Энэ хуулийн тогтолцооны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, яамны дэргэдэх  ХАБЭА-н Үндэсний хороо болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв зэрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төрийн бодлого, хууль тогтоомж, холбогдох журам, стандарт, үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах асуудлыг үндэсний хэмжээнд хариуцан ажилладаг. Харин салбар салбарын хувьд тухайн яамдуудуудын ХАБЭА-н салбар хороо нь тухайн салбарын асуудлыг тусган хэрэгжүүлдэг.

Барилга.МН Сэтгүүл

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ