Боловсруулах үйлдвэрлэлийн ХАБЭА-н асуудлаар хэлэлцлээ

2019-06-06

ХНХЯамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран “Боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдэвт олон улсын сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-нд амжилттай зохион байгууллаа.  

Арга хэмжээнд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 60 гаруй сургагч багш нар оролцов.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газар-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 2018 оны 03 дугаар сараас эхлэн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хөнгөн үйлдвэр, түүний дотор арьс шир, ноос ноолуурын салбарт хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах, мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломж бүрдүүлэхээр хамтран ажиллаж байгаа юм. Ингэснээр Европын холбооруу 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох тарифын хөнгөлттэй нөхцөл болох GSP плас, Япон-Монголын худалдааны хэлэлцээр зэрэг гадаад худалдааны таатай нөхцөлүүд бүрдсэн. Үүнд хувийн хэвшлийн салбар, ялангуяа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжтой. Ингэхдээ ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж байж бүтээгдэхүүнээ экспортлох эрх үүснэ. Иймээс НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага ХХААХҮЯ, ХНХЯ, ХАБЭМТөв зэрэг түнш байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал. Олон улсын стандарт шаардлагад нийцэхийн тулд бид олон улсын мэргэжилтнүүдээс суралцах, туршлага судлах, экспертүүдээ бэлтгэх, сургах мэргэшүүлэх хэрэгтэй. Хөнгөн үйлдвэрийн салбарт ХАБ-ын мэргэжилтэн, мэргэжлийн сургалтууд дутагдалтай байдаг. ХХААХҮЯамны дэргэд ХАБ-ын салбар хороо байгуулагдсан бөгөөд цаашид арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ХАБ-ын асуудлыг бодлогын хэмжээнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах болно” гэлээ.

Мөн ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан “Арьс шир боловсруулах үйлдвэр дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг анхаарах цаг болжээ. Бид уул уурхай, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол, хурц хордлого илүүтэй бүртгэгдээд байна гэдэг боловч сүүлийн үед боловсруулах үйлдвэрт гарч буй ослын тоо анхаарал татаж эхэллээ. Нэг үеэ бодвол уул уурхайн томоохон компани, аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдалдаа ихээхэн анхаардаг болсноос үйлдвэрлэлийн осол харьцангуй буурч байна. Харин жижиг дунд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гарч буй ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдрийн арга хэмжээгээр арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажлын орчин нөхцөлийг сайжруулах, ХАБЭА-н ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлсэн чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Сургалтын үеэр НМХГазрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс, ХАБЭМТөвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир нар  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар мэдээлэл өгсөн. Мөн НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын зөвлөх, арьс ширний үйлдвэрлэлийн ХАБЭА-н олон улсын эксперт Норберт Нейцвиз “Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар дахь ХАБЭА-н өнөөгийн нөхцөл байдал, боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэл аюулын үнэлгээ, химийн бодисууд, тэдгээрийн хор нөлөө, хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах аюулгүй ажиллагаа, машин тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй ажиллагаа, хувийн, хамтын хамгаалах хувцас, хэрэгслүүд, аудит, хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо” зэрэг сэдвийн хүрээнд хичээл заалаа.   Тэрбээр “ХАБЭА бол хүний эрхийн чухал зарчим юм. Үйлдвэрт ХАБЭА-н стандартуудыг нэвтрүүлж мөрдсөнөөр хүний амь насыг авран хамгаалах, үйлдвэрийн амин чухал үнэт зүйл болох ажилчдыг хамгаалах, ингэснээр байгууллагын нэр хүнд имижээ хадгалах, бизнесээ илүү үр ашигтай болгох давуу талтай. Монгол Улс олон улсад тавигддаг стандарт шаардлагын дагуу ХАБЭА-н зохистой дадлыг нэвтрүүлж мөрдсөнөөр арьс шир түүхий эдээ үнэ цэнэтэй, экспортын бүтээгдэхүүн болгох боломжтой. Арьс шир үйлдвэрлэлийн салбарт ХАБЭА-н зохистой дадлыг нэвтрүүлэн мөрдсөнөөр тус салбарт хамааралтай химийн бодис, бэлэн бүтээгдэхүүний зэрэг бүхий л үйлдвэрлэлд асар олон тооны ажлын байр бий болгож тухайн үйлдвэрлэлийн салбар цаашид өсч хөгжих боломжтой юм. Иймээс аюулгүй ажиллагаа нь аюул осол гарсан үед л тохиолдох биш цаг үргэлж хянаж хэрэгжүүлж байх дадал юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн арьс шир боловсруулахын тулд олон янзын химийн бодис ашигладаг. Химийн бодисыг зөв зохистой ашиглах нь арьс шир боловсруулах үйлдвэр дэх ХАБЭА-н гол асуудлын нэг юм.  Тус салбар нь ажлын байрыг олноор бий болгодог тул ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэгтэй. Гэвч бүтэц, зохион байгуулалт, туршлага дутмаг байдал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн олон асуудал дагуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас хордох, амиа алдах эрсдэл дэлхийн нийтэд гарсаар байна.  Монгол улсад сүүлийн 3 жилийн байдлаар боловсруулах үйлдвэрт нийт 120 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэнээс 9 хүн нас барсан.

Тиймээс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн ажлын байрны нөхцөл, аюулгүй байдлыг сайжруулах, гэмтэл ослыг бууруулах, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, ХАБЭА-н сургагч багш нарыг бэлдэх, аюулгүй ажиллагааны сайн туршлагыг танилцуулах, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус сургалтыг зохион байгуулж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш практик дадлагын сургалтыг “Монгол Шевро” үйлдвэр дээр зохион байгуулна. Энэ үеэр оролцогчид үйлдвэрлэлийн бодит нөхцөл байдлыг биечлэн үзэх юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ