Тавантолгой уурхайгаас Гашуун Сухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэгч жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцлаа

2019-10-04

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 тоот албан даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэгч жолооч нарын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлтэй танилцлаа. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдсан асуудлыг тодорхойлох, энэ чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор  Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, тус яамны нийгмийн даатгалын ахлах мэргэжилтэн С.Орхон, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Н.Эрдэнэжав, ХАБЭМТөвийн ХАБЭАГ-ын Хэлтсийн дарга Ц.Янжинлхам, Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, Эрүүл ахуйч А.Цэнгэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж  100 орчим нүүрс тээвэрлэгч жолооч нартай уулзан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлтэй байдалтай танилцсан юм. Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд 13500 гаруй машин нүүрс тээвэрлэж байгаа бөгөөд Монгол компаниуд нь цалингаа цагт нь олгодоггүйгээс  Хятадын компанид харъалагдах сонирхол илүү байдаг гэсэн шалтгаанаар нүүрс тээвэрлэгч жолооч нарын 80 гаруй хувь нь ямар ч аж ахуйн нэгж байгууллагын харъалалгүй Хятадын байгууллага, хувь хүнтэй гэрээ болон амаар тохиролцон тэдний өгсөн машинаар нүүрс тээвэрлэж байна. Энэ нь жолооч нарын нийгмийн асуудал болон хүний амь нас эрсдэхэд хариуцлага тооцох нөхцөл боломжгүйг харуулж байгаагаас гадна  НХХС-ын 2004 оны 05-03-ны өдрийн 77–р тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 4.2-т: “....Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын авто машины жолооч” гэсэн нэршлээр “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-д хамрагдаж хөнгөлөлтүүдийг эдлэх боломжгүй байна.  Үүнээс гадна  өвчин эмгэгт өртвөл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эмнэлэг, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх цэг байхгүйгээс гадна зав хомс, урт цуваанаас гарч болохгүй, дараалалаа алдах зэрэг шалтгаануудаас эмнэлэгт үзүүлэх боломжгүй аж. Иймд газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцсан ажлын хэсэг Таван толгойн уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэгч жолооч  нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад холбогдох арга хэмжээг авах шаардлагатайг анхааруулж зөвлөгөө өгч ажиллаа.  

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ