“ХАБЭА-н стандартын дагуу үйлдвэрлэл бизнесээ удирдах дадал, соёл дархлааг үндэсний компаниудад төлөвшүүлэх нь чухал”

2020-04-23

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүн, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, эдийн засгийн ухааны доктор, Г.Адьяатай ярилцлаа.  

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян нь жил бүрийн дөрөвдүгээр сард олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Энэ жилийн сарын аяны онцлог болоод  МҮЭХ-оос зохион байгуулж байгаа ямар ажлууд юу байна вэ?

-НҮБ-ийн төрөлжсөн байгууллагын нэг болох ОУХАБ-аас гаргасан удирдамжийн дагуу жил бүрийн дөрөвдүгээр сард ХАБЭА-н сарын аяныг дэлхий даяар зохион байгуулдаг уламжлалтай.  Өнөө жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” нь олон улсад “Ажлын байранд хүчирхийлэл, дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх” уриан дор зохион байгуулагдаж байна. Гэхдээ энэ жил хувьд дэлхий дахинд тархаж буй “COVID-19” цах тахлын улмаас бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан сарын ажлын үйл ажиллагаа маань агуулгын хувьд өөрчлөлт орсон. МҮЭХ бий болсон нөхцөл байдалтай уялдуулан сарын аяны хугацаанд Засгийн газар, ажил олгогчдын байгууллагуудтай хамтран зохион байгуулах ажлын удирдамж гаргаж, ХАБЭА-н Үндэсний хорооны шугамаар аймаг, нийслэл, салбар зөвлөлүүдэд хүргэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймаг нийслэлийн Үйлдвэрчний эвлэл нь тухайн орон нутаг дахь төр захиргааны байгууллага, ажил олгогчидтой хамтран сарын аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Энэ дашрамд тэмдэглэхэд жил бүрийн ХАБЭА-н сарын аяны хүрээнд хийгдэх ажил нь ХАБЭА-н тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зохих нөлөө үзүүлж байна гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд ХАБЭА-н Үндэсний хорооноос сарын ажлын үр дүнг сайжруулахын тулд нийгмийн түншүүдийн хамтын үйл ажиллагааг төв орон нутагт уялдуулах, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, салбар зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, бүсийн сургалт зөвлөгөөн зохион байгуулах, эрүүл аюулгүй хөдөлмөрийн талаарх соён гэгээрлийн ажлыг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Мэдээж, ХАБЭА-н асуудал ААН байгууллага, компанийн менежментийн салшгүй нэг хэсэг учраас ажлын байр, ажлын цаг бүрт байнга зохион байгуулагдаж, удирдлага хяналтаар хангагдаж байх ёстой. Энэ үүднээс ХАБЭА-н асуудал нь зөвхөн ХАБЭА-н сарын ажлын хүрээнд хийгддэг ажил мэтээр эндүүрч болохгүй. Харин ХАБЭА-н сарын аян бол дэлхийн улс орнуудын хэмжээнд тулгамдаж буй хөдөлмөрийн тодорхой асуудалд төр, ажил олгогчид, ажилтны төлөөллийн байгууллагуудын хүч анхаарлыг төвлөрүүлж тухайн чиглэлээр улс орон бүр бодлого, хөтөлбөр, хууль эрх зүйн, зохион байгуулалтын хувьд урагшлан хөгжихөд түлхэц үзүүлэх зорилготой.

Энэ жилийн сарын ажлын хүрээнд МҮЭХ-оос ажлын байранд хүчирхийлэл дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох олон улсын гэрээ, конвенци болон хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийг оновчтой хэрэгжүүлэхэд чиглэгдсэн 10 гаруй зөвлөмжийг боловсруулан ажил олгогчид, ҮЭ-үүдэд хүргэн цахим хэлбэрээр олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн ажлын байрны дарамтыг арилгах чиглэлээр ААН байгууллагын төвшний хамтын гэрээний үүрэг ролийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг багасгах урьдчилан сэргийлэх нэг үндсэн хэрэгсэл хөдөлмөрийн гэрээг байгуулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгах үзлэг шалгалтыг тодорхой салбар байгууллагуудад зохион байгуулж байна. МЭМАЭҮХ-ноос цар тахлын үеийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөр, ажлын байрны нөхцөлд орон нутгийн ЭҮ-үүдтэй хамтран үзлэг хийж ажлын зохион байгуулалт, хамгаалах хэрэгслийн хангамж хүрэлцээ, цалин хөлсний нэмэгдэл зэрэг асуудлаар төв орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад үзлэг шалгалт зохион байгуулж түүний мөрөөр холбогдох асуудлыг Засгийн газар, УОК орон нутгийн төр захиргааны байгууллагуудад тавин ажиллаж байна. МҮЭХ-оос цар тахлын улмаас ажил үйлдвэрлэлээ зогсоосон болон багасгасан ажиллагсдын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар УИХ, Засгийн газарт хандаж холбогдох хууль шийдвэрүүдийг гаргуулсан.

-Өнгөрсөн нэгдүгээр сард МҮЭХ-оос ХАБЭА-н зардлыг төсвийн байгууллагуудын төсөвт суулгах чиглэлээр кампанит ажил явуулсан гэж сонссон. Энэ ажлын үр дүн, явц ямархуу байна вэ?

-ХАБЭА-н тухай хуулиар төсөвт байгууллагууд нь зардлын 0,5-аас доошгүй хувийг ХАБЭА-н зардалд зарцуулах үүрэгтэй. Засгийн газар бүх шатны засаг дарга нар хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Сангийн яамнаас эхлээд аймаг нийслэлийн засаг дарга нар хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас төсвийн байгууллага дахь ХАБЭА-н санхүүжилтийн асуудал зохих журмын дагуу хийгдэхгүй байх зөрчил гарсаар байна. Энэ нь төрийн байгууллагуудаас хуулийг нэг мөр хэрэгжүүлэх манлайлах үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотой юм. Өнгөрсөн онд хуралдсан ХАБЭА-н үндэсний анхдугаар чуулганаас гаргасан шийдвэрийн нэг нь боловсрол, соёл, эрүүл мэнд болон төрийн төсөвт бусад байгууллагын ХАБЭА-н зардлыг төв орон нутагт хуулийн дагуу төсөвлөн зарцуулах хэвшүүлэх тухай асуудал байсан. Манай аймаг нийслэл салбарын ҮЭ-үүд хамтын хэлэлцээртээ тусган уг санхүүжилтийн асуудлыг төв орон нутагт шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны улсын төсөвт ХАБЭА-н санхүүжилтийн чиглэлээр 1,5 тэрбум төгрөг тусгагдаад байгаа.

-МҮЭХ-оос өнгөрсөн жилүүдэд ослын тэглэх хөдөлгөөнд нэгдэх уриалгыг төр ажил олгогчдод хандан гаргаж байсан. Энэ хүрээнд хөдөлмөрийн хүний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Монгол Улс дэлхийн орнуудын нэгэн адил 2030 он хүртлэх тогтвортой хөгжлийн зорилтуудаар тодорхойлон ажиллаж байна. Улс орон тогтвортой хөгжилд хүрэх үндсэн хүчин зүйл нь зохистой хөдөлмөр мөн. Тэгвэл зохистой хөдөлмөрийн нэг үндсэн тулгуур асуудал нь эрүүл аюулгүй хөдөлмөрийг ажлын байр бүрт бий болгон хөгжүүлэх явдал юм. Энэхүү зорилтыг амжилттай хэрэгжүүлэх нь нийгмийн түншүүд болох ЗГ, ажил олгогчид ҮЭ-үүдийн хамтын ажиллагаанаас шууд хамаардаг. МҮЭ энэ зарчмын үүднээс зохистой хөдөлмөр эрхлэлтийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх асуудлыг бүх шатны хамтын гэрээ хэлэлцээрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. МЭҮХ 2018 оноос нийгмийн түншүүдтэй хандан “ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэн ажлын байран дээр ажилтан хүний амь нас, эрүүл мэнд хохирохгүй байхын төлөө нийгмийн түншлэлийн бүхий л механизмыг чиглүүлэхийг уриалан ажиллаж байна. Энэхүү санаачлагыг өнгөрсөн онд зохион байгуулагдсан ХАБЭА-н анхдугаар чуулганд оролцогчид дэмжсэн. Мөн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2019-20 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрт тусган энэ уриалгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм стандартыг хэрэгжүүлэх хөдөлмөрийн хяналтыг хөгжүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох чиглэлээр компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, зэрэг асуудлуудад голлон анхаарч байна. Сүүлийн жилүүдэд үндэсний хэлэлцээрт тусган ХАБЭА-н хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уул уурхай, барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн орчны тухай ОУХБ-ын 176, 167 дугаар конвенцуудад нэгдэн орох хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний болон салбарын хэлэлцээрийн хүрээнд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг баталж нэвтрүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний хорооны шугамаар жил бүр эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч ААН байгууллагуудыг шалгаруулан тэдний ХАБЭА-н чиглэлээр сайн туршлага, арга барилыг дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна. ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал нийгмийн түншүүдийн үйл ажиллагааны үндсэн зорилт хэвээр байна.

-Өнөөдөр манай улсад уул уурхайн, зам тээвэр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд осол өвчлөл илүүтэй гарч байна. Эдгээр салбарт ХАБЭА-н тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгмийн түншүүд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Орчин үед аль ч салбарт бизнесийн удирдлагын зарчим эрс өөрчлөгдөж байна. Бизнесийн удирдлагыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эрүүл аюулгүй хөдөлмөрийн асуудал, хоёрдугаарт, чанарын асуудал, гуравдугаарт бүтээмжийн асуудал гэсэн дарааллаар хандах болсон. Энэ үүднээс хөдөлмөрийн хүн, хүрээлэн буй орчинд халгүй бизнесийн асуудал нь компанийн нийгмийн хариуцлага, засаглалын үндсэн зорилт болж байна. Энэ шаардлагыг хангахын тулд эрүүл аюулгүй үйлдвэрлэл бизнес эрхлэх стандартуудыг боловсруулан эрсдэл өндөртэй дээрх салбаруудад хэрэгжүүлэх явдал тулгамдсан асуудал болж байна. Манай улсад ХАБЭА-н чиглэлээр 140 гаруй стандарт мөрдөгдөж байна. ХАБЭА-н тухай Монгол Улсын хууль ХАБЭА-н тав дахь хөтөлбөрт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлэх асуудал нь ажил олгогчдын шууд хүлээх үүрэг байдаг. Гэвч эдгээр заалт нь хэрэгжүүлэх зохицуулалт, хариуцлагын хувьд тодорхой хуульчлагдаагүйгээс олон компанийн хувьд сайн дурын хэрэг мэт байдаг. Харин бизнесээ орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх эрмэлзэл бүхий менежменттэй компанийн захирлуудын хувьд ХАБЭА-н удирдлагын тогтолцооны ОУ-ын болон үндэсний стандартуудыг амжилттай хэрэгжүүлж үүний үр дүнд тухай байгууллагуудад осол мэргэжлийн өвчлөл тууштай буурч байна. ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлээгүй компаниудад аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, хяналтыг өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн хэсэг болгон зохион байгуулдаггүйгээс осол өвчлөл буурахгүй байна. Иймд эрсдэл өндөртэй уул уурхай, барилга, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт Хятад, Солонгос зэрэг орнуудын туршлагаар ХАБЭА-н удирдлагын тогтолцооны холбогдох стандартуудыг заавал хэрэгжүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох хэрэгтэй байна. Цаашид ослыг тэглэсэн мэргэжлийн өвчлөлийг бууруулсан, эрүүл аюулгүй, хүрээлэн буй орчинд халгүй нийгмийн хариуцлагатай бизнесийг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд нийгмийн түншүүд илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байна. Уул уурхай, эрчим хүч, авто зам, тээврийн салбарт ажиллагсад нь МҮЭ-ийн гишүүнчлэлийн томоохон хэсгийг бүрдүүлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд дээрх салбаруудад ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох ҮЭ-үүд зохих хүч чармайлт тавин ажиллаж байна. ОУ-ын компаниудын туршлагаас үзвэл аюулгүй байдлын эрсдэлийг өдөр тутмын удирдлага хяналтандаа байлгаж чадсан нөхцөлд ослыг тэглэх зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна. Үүний тулд ХАБЭА-н стандартын дагуу үйлдвэрлэл бизнесээ удирдах дадал соёл дархлааг үндэсний компаниудад төлөвшүүлэх нь чухал байна.

-Та ХАБЭА-н тухай хуулийг санаачлан боловсруулахад гар бие оролцсон хүний нэг. Цаашид хуулийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд ямар асуудалд илүү анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-ХАБЭА-н тухай хууль нь 2008 онд батлагдаж дараа нь хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. Уг хууль нь цөөн хүн амтай манай улсын хувьд ажиллах хүчнээ хамгаалахад чиглэсэн чухал хуулийн нэг юм. Сүүлийн 4 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осолд мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаанаас үзэхэд хоногт дунджаар 1,3 хүн ямар нэгэн хүнд хөнгөн осолд өртөж байна. Хүний амь үрэгдүүлсэн осол эндэгдэл тууштай буурахгүй байна. Энэ нь ХАБЭА-н тухай хууль, ХАБЭА-н үндэсний 5 дахь хөтөлбөрийн хэрэгжилт хангалттай биш байгааг харуулах үзүүлэлт юм. Иймд ХАБЭА-ын тухай хуулийн хэрэгжилтэд тавих төр олон нийтийн хяналтыг эрс сайжруулах зорилт тулгарч байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ХАБЭА-ын тухай хуулийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэхэд бүх шатны засаг дарга нар ИТХ-ын гишүүд онцгойлон анхаарал ёстой. Энэ чиглэлээр ҮЭ-үүдээс төрийн байгууллага ажил олгогчдод тавих шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах хүрээнд ажил олгогчдод үзүүлэх эдийн засгийн хөшүүргийг оновчтой болгох шаардлагатай. Осол өвчлөлийг нэмэгдүүлсэн ажил олгогчдоос авах ослын даатгалын хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлж байх, бууруулсан ажил олгогчдыг дэмжих урамшуулах механизмыг илүү үр дүнтэй болгох шаардлагатай. Үүнтэй уялдуулан үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн даатгалын удирдлагын тогтолцоонд даатгуулагчдыг өөрсдийнх нь үүрэг оролцоог бодитой нэмэгдүүлэх нь эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй. Мөн уг сангаас осол өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгчдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх зардлыг нэмэгдүүлэх, даатгуулагчид үйлчлэх бүтээгдэхүүний төрлийг олшруулах шаардлага байна. Түүнчлэн зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар ХАБЭА-н тухай хууль зөрчсөнөөс үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлд хүргэсэн, хүний амь нас үрэгдүүлсэн, бие эрхтнийг гэмтээсэн ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгон хуульчлах хэрэгтэй байна. Хөдөлмөрийн болон ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтэд тавих төрийн хяналтыг сайжруулахын тулд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын эрх үүргийг өргөтгөх, үүний тулд Монгол Улс ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын 81, 129-р конвенцод нэгдэн орох хэрэгтэй байна.

-“COVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдон “ХАБЭА-н сарын аян-2020”  арга хэмжээ ямар байдлаар олон нийтэд хүрч байна вэ?

 -Юуны өмнө хөл хорио халдвар хамгааллын шинэ дэглэмтэй уялдан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын зохион байгуулалт, ажил амралтын цагийн зохицуулалтыг шинээр авч үзэж тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад асуудлуудыг тавьж ажиллах шаардлагатай байна. Энэ ажил нь МҮЭХ, түүний гишүүн байгууллагууд дээрх чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг байгууллагуудын халдвар хамгааллын үеийн ажлын нөхцөл байдалтай танилцаж холбогдох саналыг УОК, холбогдох яамдад хүргүүлж биелэлтэд хяналт тавьж байна. МЭМАҮЭХ-оос орон нутгийн ҮЭ-үүдтэй хамтран цар тахлын үед ажиллаж байгаа салбарын ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөлд үзлэг шалгалт хийж холбогдох арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Ковид 19-ын цар тахлын шинэ нөхцөл байдалд улс орнуудын Засгийн газар, ажил олгогчид, ҮЭ-үүд дараах чиглэлээр хямралын үр дагаврыг арилгах, хөнгөвчлөхөд чиглэсэн арга хэмжээг авч байна. Үүнд,

-          юуны өмнө халдвар хамгааллын шинэ нөхцөл байдалтай уялдуулан ажлын байрны эрсдэлийн үнэлгээг салбар, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хийлгэж эрсдэл өндөр ажлын байр, ажил мэргэжлийг тодорхойлон шаардлага хангасан ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах,\

-          эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын зохион байгуулалтыг өөрчлөн ажлын уян хатан цагийн хуваарьт шилжүүлэх (ажлын цагийг богиносгох, илүү цагийн хөдөлмөрийг зогсоох г.м),

-          өндөр эрсдэлтэй эмч эмнэлгийн ажилтнуудын эрсдэлийн зэргийг ажил мэргэжлээр нь тогтоож үүнтэй уялдуулан тэдний амь нас эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийг тодорхой болгон шинэчлэх,

-          эрсдэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын цагийг шинээр зохицуулахдаа ажил ба гэр бүлийн амьдралаа оновчтой хослуулахад зарчмыг баримтлах,

-          өндөр эрсдэлтэй ажлын байрыг өөрчлөн зохион байгуулах замаар уг ажлын байранд робот, дахитал технологи ашиглах,

-          цахим болон зайнаас ажиллах зохион байгуулах ажлын байрыг нэмэгдүүлэх

-          ХАБЭА-н зардлыг нэмэгдүүлж ажилтнууддаа дархлаа дэмжих хоол хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнээр хангах,

-          Ажиллагсдын ажилдаа ирэх, буцах тээврийн асуудлыг аюулгүй байх байдлаар зохион байгуулах,

-          Цар тахлын үеийн ажлын байр болон орлогын хомстол, хөл хорионы дарамтаас үүдэлтэй гэр бүлийн хөдөлмөрийн хүрээний стрессийг бууруулахад чиглэгдсэн удирдлагын арга механизмыг бүрдүүлэх (хууль өмгөөллийн туслалцаа үзүүлэх, хуульч болон хөдөлмөрийн сэтгэл зүйч ажиллуулах, ажилтнуудын санал бодлыг байнга сонгох г.м).

Түүнчлэн  салбарын ажил олгогчид ҮЭ-үүд хамтран салбарынхаа үйлдвэрлэл, ажил мэргэжлийн онцлогт нийцсэн цар тахлын үеийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал хөдөлмөр зохион байгуулалт ажил амралтын дэглэм цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн хамгаалалтай холбоотой асуудлуудаар нийтлэг зөвлөмж гарган АНН байгууллагууддаа хүргэн зөвлөх чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ