Нүүрс тээврийн жолооч нарыг нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж байна

2020-10-19

“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аян амжилттай үргэлжилж байна.

Тус аяны хүрээнд Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах мөн хүнд металл, тоосны өртөлтийг тодорхойлохоор ажлын байрны нөхцөлийн үнэлгээг хийхээр төлөвлөсөн.

Энэхүү төлөвлөгөөний дагуу ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч, эрүүл ахуйч нар Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж, өнөөдрөөс /2020.10.19/ үзлэгээ эхлүүллээ.

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд бий болдог.

Тиймээс нүүрс тээвэрлэгч жолооч нарыг урьдчилсан сэргийлэх үзлэг хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалах ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг төр хувийн хэвшлийн байгууллагууд тодотгож байгаа юм. Үүний үндсэн дээр  “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг зохион байгуулж буйг оролцогч талууд онцолж байгаа билээ.

Аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл” зохион байгуулж буй бөгөөд нээлтийн арга хэмжээ өчигдөр /2020.10.18/-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн  Тайван” авто зогсоол цогцолборт амжилттай болсон.

“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аян  2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд үргэлжилнэ.

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ