Нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хамгаалахад төр хувийн хэвшлийн байгуулагууд хамтарч ажиллаж байна

2020-10-30

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, Түгээмэл түмэн хишиг ХХК, Баян зам тээвэрчдийн холбоо хамтран  “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг зохион байгуулж буй.

Энэхүү аяны хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, 16 нэр төрлийн хүнд металл, тоосны өртөлтийг тодорхойлох хэмжилт, мөн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог 2020 оны 10 дугаар сарын 19-26-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.  Үзлэг шинжилгээнд нийт 111 аж ахуйн нэгж байгууллагын 600 орчим жолооч хамрагдсан бол 400 гаруй жолоочийн ажлын байранд тоос, хүнд металлын өртөлтийн хэмжилтийг хийв.

 Мөн ажлын нөхцөл, ажилласан жил, хөдөлмөрийн нөхцлийн асуумж, хөдөлмөр хамгааллын хэрэглээ, эрүүл мэндийн нөлөөллийн тандалт хийх зорилгоор уртын болон богинын замын тээвэр хийж буй 2000 жолоочоос судалгаа авах ажлыг  “Баян зам” тээвэрчдийн холбоо зохион байгуулав.

Тоос, шороотой нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад амьсгалын дээд зам, хамар, цагаан мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушгины хийн солилцоо явагддаг цулцанд тоосны улмаас үрэвсэл үүсч мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсдэг. Тиймээс нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндийг хамгаалахад төр хувийн хэвшлийн байгууллагууд нэгдэн уг аяныг зохион байгуулж байгаа билээ.

Түүнчлэн тоос болон хүнд металлын өртөлтийг бууруулах, тоосны шалтгаант мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагч зарим аж ахуйн нэгж байгууллагууд цаашид урт хугацаанд хамтран ажиллахаар болов.  Мөн энэхүү аяны хүрээнд  “Эрдсийн тоосны эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн дор симпозиум, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож, уушги тоосжих өвчний улмаас жилд 14000 уурхайчид нас барж байна.

Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байгаа юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ