“Аж ахуйн нэгж, байгууллагад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалт боллоо

2020-12-17

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2020 оны 12 дугаар сарын 17-нд  “Аж ахуйн нэгж, байгууллагад  коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулав.

Цахим сургалтад ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан,  ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмнэлэг хариуцсан  дэд захирал Л.Зоригт болон дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААНБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд зэрэг 100 гаруй хүн цахимаар хамрагдлаа. 

Сургалтыг нээж ХНХЯамны ХАБЭА-н хэлтсийн дарга З.Бауыржан үг хэллээ. Тэрбээр “Ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нь зөвхөн “COVID-19” тэй холбоотойгоор шинээр ярьж буй зүйл биш юм. Ажилтны аюулгүй байдлыг хангах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлд салбарын зүгээс тодорхой ажлуудыг хийж ирсэн.

 Харин “COVID-19” цар тахлын энэ үед ХНХЯамаас цар тахлын үеийн хариу арга хэмжээг салбарын онцлогт нийцүүлэн олон арга хэлбэрээр зохион байгуулж байна. Тухайлбал, ажлын байрыг хадгалж үлдэх, халдварын нийгэм, эдийн засгийн нөлөөг бууруулах зорилгоор  “Ажлын байранд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээний төлөвлөгөө”-г баталж, хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Өнгөрсөн 2020 оны 04 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлын байранд “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гаргасан. Энэхүү зөвлөмжийн хүрээнд салбар аж ахуйн нэгж байгууллагууд үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос шалгах хуудасны загварыг гаргаж, бүх аж ахуйн байгууллагад хүргүүлсэн. Ингэснээр хаана эрсдэл байгааг тогтоох, түүнийг таслан зогсоож ажлын байрны аюулгүй нөхцөлийг бүрдүүлж чадах юм. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал хүндхэн байгааг ойлгож байна. Гэхдээ хамгийн чухал нь ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах, тэднийг эрсдэлээс хамгаалах нь нэн тэргүүнд тавигдах асуудал мөн. Тиймээс та бүхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулах чиглэлд улам анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмнэлэг харицсан дэд захирал Л.Зоригт хэлсэн үгэндээ “2019 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотод гарсан “COVID-19” цар тахал дэлхийн хэмжээнд бүртгэгдээд байна. Харин манай улсад /2020 оны 12 дугаар сарын 17-ны/ өдрийн байдлаар 923 тохиолдол батлагдаад байгаа билээ.  Энэ нь бид хаанаас ч, хэзээ ч халдвар авах эрсдэлтэйг харуулж байгаа юм. Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ажлын байрны эрүүл ахуйг мөрдөх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, эрүүл ахуйн дэглэмээ баримтлах нь халдвараас хамгаалах хамгийн гол арга болоод байна. Ажил олгогч та бүхэн ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрны нөхцөлийг сайжруулж ажиллуулах, сэтгэл зүйн эерэг дэмжлэг үзүүлэх зэрэгт анхаарч ажиллах нь энэ цаг үед хамгийн чухал шүү” гэдгийг онцоллоо.

Ажил олгогчид ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нь ажилтны эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэхэд ихээхэн ач холбогдолтой.

Тиймээс энэ цаг үед дээрх сургалтыг зохион байгуулснаар аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н ажилчдад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зөв, оновчтой зохион байгуулах талаар мэдлэг мэдээлэлтэй болох юм.

Энэ үеэр оролцогчид ажлын байранд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, коронавируст халдварын үед ажлын байрны эрсдэлийг  үнэлэх, эрсдэлийг бууруулах арилгах арга хэмжээг төлөвлөх, коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, “Бэлэн байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг олон талын мэдээлэл өгсөн чухал сургалт боллоо хэмээн онцолж байв.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ