“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод шинээр 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ
Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
2020 оны 12 дугаар сарын 24-нд улсын хэмжээнд 8,863 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрсэн байна. Дээрх 6 шинэ тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарч байгаа голомттой хамааралтай 2 өвчтөн, 1 сахиур, 3 гэр бүлийн хавьтлын хүмүүс байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомтод 12 дугаар сарын 16-наас хойш нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна.
Задалж танилцуулбал
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,075
Эдгэрсэн 584
Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 482
Дотоодын халдварыг танилцуулбал 611: /2020.12.25/