21 аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүд чадавхижуулах сургалтад хамрагдлаа

2021-04-22

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ны хүрээнд зохион байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах хоёр өдрийн цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Хоёр дахь өдрийн сургалтыг нээж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат хэлсэн үгэндээ “ ХНХЯам, ХАБЭА-н үндэсний хороо, МХЕГ, НДЕГ, МҮЭХолбоо, МАОЭНХолбоо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн 04 дүгээр сарыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН” болгон зарлаж, улс орон даяар ХАБЭА-н хууль, тогтоомжийг сурталчлах ажлыг өрнүүлж ирлээ. Энэ жилийн хувьд “ковид-19” цар тахлын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн сарын аяны бүх арга хэмжээг цахим хэлбэрээр явуулж байна. Мөн ХАБЭА-н хууль тогтоомж, түүний хэрэгжилт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлуудыг цахим хэлбэрээр сурталчлахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээж байна. Тухайлбал, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, ажил олгогч нарт зориулан "ХАБЭА-н тухай хууль, дүрэм журмыг ажлын байрандаа хэрэгжүүлэх нь” сэдэвт 2 удаагийн цахим сургалт,  “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын нийт ажилчдад зориулсан ХАБЭА-н сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Энэ удаагийн аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалт маань өндөр ач холбогдолтой гэж харж байна. ХАБЭА-н  хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгийн хэмжээнд илүү үр дүнтэй хэрэгжүүлэх нь өнөөдрийн сургалтын гол зорилго” гэдгийг тодотгосон.

Өнөөдрийн сургалтаар

-ХАБЭМТөвийн Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа: Мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилтай холбоотой эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах нь;

-“Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн  гүйцэтгэх  захирал Б.Батхүү:Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг бий болгоход  ААНБ-ын ХАБЭА-н зөвлөлийг  үүрэг, оролцоо;

-“ОБЗЕРВ  консалтинг”  зөвлөх үйлчилгээний байгууллагын  захирал Д.Отгонбат:   ХАБЭА менежментийн  тогтолцоо, түүнийг  ААНБ-уудад бий болгоход  аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлийн үүрэг, оролцоо;

-Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн  дарга А.Мягмарсүрэн:Дорнод  аймгийн ХАБЭА зөвлөлийн үйл ажиллагаа, сайн туршлага;

-Хуульч, судлаач Ц.Батнасан:Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн тухай хуулийг боловсронгуй болгох нөхцөл, шаардлага зэрэг сэдвээр тус тус сургалт явууллаа.

Сургалтын үеэр санхүүжилттэй холбоотой санал, асуудлыг аймаг бүрээс гарган тавьж байв. Тухайлбал, ХАБЭА-н тухай хуулинд ажил олгогч нь жилийн төсвийн 0.5 хувиас багагүй хувийг ХАБЭА-н үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан. Гэвч энэ заалт сургууль, цэцэрлэг буюу төсвийн байгууллагад хэрэгжихгүй байгааг дурьдсан. Мөн ХАБЭА-н үндэсний хороо аймаг, дүүргийн ХАБЭА-н үйл ажиллагааны тайланг жилдээ 1 удаа авч, үр дүнг нь тооцож байр эзлүүлдэг байх саналыг гаргалаа. Ингэснээр үр дүн муу тайлан хүргүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудад ажил сайжруулах шаардлага хүргүүлж байх нь зөв гэдгийг тодотгож  байсан юм.  

Түүнчлэн Хөдөлмөрийн сайдын 2015 онд батласан А/114 дугаар тушаалд төсвийн байгууллага ХАБЭА-н ажилтныг хавсран ажиллуулна гэж заасан. Тиймээс төсвийн ихэнх байгууллагууд энэ тушаалын дагуу ХАБЭА-н ажилтнаа томилон ажлуулдаг. Гэвч аудитын байгууллагаас акт тавьж буй нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна гэлээ. 

Хоёр өдөр үргэлжилсэн цахим сургалтаар ХАБЭА-н  хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх мэдлэг ойлголтыг авсан үр дүнтэй сургалт боллоо гэдгийг  оролцогчид онцлов. 

Өнөөдрийн сургалтад 21 аймгийн ХАБЭА-н зөвлөлүүдийн 430 орчим төлөөлөл хамрагдсан.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ