Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

2021-04-27

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР” болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

1989 онд AFL-CIO (Америкийн Хөдөлмөрийн Холбоо ба аж үйлдвэрийн байгууллагуудын конгресс) жил бүр ажлын байран дээрээ амь насаа алдаж, гэмтэж бэртсэн олон зуун мянган ажилчдад хүндэтгэл үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 28-ны өдрийг "Ажилчдын дурсгалын өдөр" болгон зарлажээ.

Мөн Канад улсын парламент 1991 онд ажлын байран дээрээ амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдрийн тухай хуулийг баталж, жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг албан ёсоор “Гашуудлын өдөр” болгон зарласан байна.  Харин 1996 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхийг хүлээн зөвшөөрсөн байна.  

Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл явдал улам өргөжиж улмаар 2001 оноос энэхүү өдрийг дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр болгон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас зарласан түүхтэй. Улмаар НҮБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Австрали, Аргентин, Бельги, Бермуд, Бразил, Канад, Доминикан, Гибралтар, Ирланд, Люксембург, Панам, Перу, Португал, Испани, Тайланд, Тайвань, АНУ зэрэг орнууд  энэ өдрийг мөн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж эхэлжээ. 

Тиймээс энэ өдөр дэлхий даяараа ослын улмаас амь үрэгдсэн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн лаа асаах, эрүүл аюулгүй ажлын байрны талаар ухуулга, сурталчилгаа хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зэрэг ослоос сэргийлэх, ажлын байрны нөхцөлийг сайжруулахад ажил олгогчид болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах олон төрөл хэлбэрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байна.

Мөн манай улсын хувьд 2001 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭХолбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарыг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зарлаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн кампанит ажлуудыг улс орон даяар явуулж ирсэн. Энэхүү сарын аяны хүрээнд “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН АЖИЛЧДЫН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”-ийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Монгол улсын хэмжээнд 2021 он гарсаар 47, сүүлийн 3 жилийн байдлаар 972  үйлдвэрлэлийн осол хурц хордлого бүртгэгджээ. Харин 2020 оны эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон 2993 хүн байна. Үүнээс харахад ХАБЭА-н тухай  хууль, холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатандаа сайжруулж, шинэлэг, үр дүнтэй арга хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай тулгарч байна.

Энэ жилийн сарын аяныг  олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хямралыг урьдчилан харж, бэлтгэлтэйгээр даван туулъя- ХАБЭАхуйн тогтолцоог бэхжүүлье” уриан дор 2021 оны 04 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Түүнчлэн сарын аяны гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад  эрсдэлд  хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх явдал юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ