М.Даваабат:Симпиозум хурлаар өнөөгийн тулгамдсан асуудлыг тал бүрээс нь тунгаан хэлэлцэж, үнэтэй санал гаргана гэдэгт найдаж байна

2021-04-28

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “ТООСООР ҮҮСГЭГДДЭГ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” сэдэвт цахим симпиозум үргэлжилж байна. Энэ үеэр симпиозумд оролцогчдод хандан ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр “Симпиозумд оролцож байгаа нийт оролцогчиддоо болон Германы физик техникийн хүрээлэнгийн Төслийн зохицуулагч хатагтай Мариям Мейр, зөвлөх Майкл Күүб  танд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хамт олны нэрийн өмнөөс  болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Өнөөдрийн арга хэмжээг 2021-2025 онд хэрэгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа энэ үед зохион байгуулж буйгаараа ихээхэн ач холбогдолтой. 

Мөн энэ өдөр  “Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн үйлдвэрчний нэгдсэн хөдөлгөөнөөс 1996 оноос эхлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Олон улсын Хөдөлмөрийн байгууллага энэ хөдөлгөөнд 2003 онд нэгдэж түүнээс хойш дэлхий дахинд үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалгаалсөн  өвчнөөр өвчлөхөөс өмнө  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд онцгойлон анхаарлаа хандуулахыг нийгмийн 3 талт түншлэлийн талууд болох төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд болон олон нийтэд уриалах болсон.

Тиймээс  өнөөдрийн арга хэмжээ нь тоосны шалтгаант мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах, тоосны өртөлтийг зохицуулах стандартын ач холбогдол, үр дүнг таниулах,  олон улсын сайн туршлагыг сонсох, аж ахуйн нэгж байгууллагуудад стандарт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал мөн сайн туршлагын талаарх мэдээллийг авах, эрдэмтэн судлаачид, оролцогч талуудын санал бодлыг бодлого шийдвэрт тусгахад ихээхэн ач холбогдолоо өгсөн арга хэмжээ болно гэдэгт  найдаж байна.

ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй   “Монгол Улсын  уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төслийн хүрээнд тоосны шалтгаант мэргэжлийн өвчнийг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байгааг энд онцлон тэмдэглэмээр байна. Тухайлбал, 2019 онд Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран тоосны багц стандартыг хэрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлын хүрэээнд манай байгууллагын бүх эрүүл ахуйчдыг чадавхижуулсан мөн тоосны хэмжилт хийх лабораторийг байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Үүний зэрэгцээ олон нийтэд түгээх сургалт, сурталчилгааны материалуудыг боловсруулахад ихээхэн дэмжлэг үзүүлэн  ажиллаж байна.  

Тиймээс энэ завшааныг ашиглан ХБНГУ-ийн физик техникийн хүрээлэнгийн хамт олон болон төслийн багтаа  талархал илэрхийлье. Симпозиумын хүрээнд өнөөгийн тулгамдсан асуудлыг тал бүрээс нь тунгаан хэлэлцэж, үнэтэй санал гаргана гэдэгт найдаж байна.

                Симпозиумын ажиллагаанд амжилт хүсье, Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Симпиозум хурал 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ