Тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэв

2021-04-28

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн статистик мэдээнд МШӨ-өөр хөдөлмөрийн чадвараа алдсан 2961 иргэн идэвхтэй хяналтанд байна. Үүний 2137 буюу 72.1% нь уул уурхайн салбарт ажиллаж байсан, 1573 буюу 53.1% нь уушги тоосжих өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад уул уурхайн салбарт ажиллагсадын хувьд тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртөх эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс тоосны шалтгаалт өчвлөлөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн мэдээллийг ажилчдад өгөх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг зайлшгүй хийх зэрэг асуудлууд тулгарч буй.  Үүний үндсэн дээр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” арга хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (ФТХ)-тэй хамтран ТООСООР ҮҮСГЭГДДЭГ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” сэдэвт цахим симпиозумыг 2021 оны 04 дүгээр сарын 28-нд зохион байгууллаа.

Цахим симпиозумыг ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан нээж үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиож байна. Энэ цаг мөчтэй давхцан тоосны шалтгаант мэргэжлийн өвчний асуудалд анхаарлаа хандуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар олон талын төлөөллийг оролцуулан тусгайлан симпиозум хийж байгаа нь сайшаалтай хэрэг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  Хөдөлмөрийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор ирэх 4 жилийн хугацаанд  Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 161 дүгээр конвенцэд нэгдэн орох асуудлыг судалж, шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн тоосны шалтгаант  өвчлөлөөс ажилтныг хамгаалах чиглэлээр ч анхаарах болно. Үүний тулд юун түрүүн мэргэжлээс шалтгаалсан өвчний асуудал хариуцсан байгууллагын багаж, тоног, төхөөрөмж, лабораторийн чадавхийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх, тоосны багц стандартыг техникийн зохицуулалт болгон батлуулах шаардлагатай. Эдгээр зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачид, хөдөлмөрийн эрүүл   мэндийн мэргэжилтэн та бүгдийн идэвхи оролцоо чухал. Түүнчлэн тоосны шалтгаант мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн тулгамдсан асуудлыг  тал бүрээс нь тунгаан хэлэлцэж, цаашид анхаарах асуудлын талаар нухацтай чиглэл гаргах нь  төр, засгийн бодлогод анхаарч тусгах ач холбогдолтой” гэдгийг онцолсон.

Үүний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат оролцогчдод хандан “Өнөөдрийн арга хэмжээг 2021-2025 онд хэрэгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа энэ үед зохион байгуулж буйгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Мөн энэ өдөр  “Олон улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс 1996 оноос эхлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байсан түүхтэй. Харин Олон улсын Хөдөлмөрийн байгууллага энэ хөдөлгөөнд 2003 онд нэгдэж, түүнээс хойш дэлхий дахинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалсан өвчнөөр өвчлөхөөс өмнө  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд онцгойлон анхаарлаа хандуулахыг нийгмийн 3 талт түншлэлийн талууд болох төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд болон олон нийтэд уриалах болсон. Өнөөдрийн арга хэмжээ нь тоосны шалтгаант мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах, тоосны өртөлтийг зохицуулах стандартын ач холбогдол, үр дүнг таниулах,  олон улсын сайн туршлагыг сонсох, аж ахуйн нэгж байгууллагуудад стандарт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал мөн эрдэмтэн судлаачид, оролцогч талуудын санал бодлыг бодлого шийдвэрт тусгахад ихээхэн ач холбогдлоо өгсөн арга хэмжээ болно гэж харж байна” гэв.  

Хурлын үеэр Германы Физик техникийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч Мариям, Мейр “Уул уурхайн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх нь” төслийн үр дүн, цаашдын зорилго, зорилтын талаар танилцуулсан.

Мөн ХАБЭМТөвийн эрүүл ахуйч Х.Чинзаяа “Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийн талаарх судалгааны дүн, Нүүрс тээврийн жолооч нарын судалгаа, ХНҮ-ий дүнгээс авсан статистик мэдээллийг танилцуулав. Тодруулбал, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 350 жолоочийн ажлын байранд хийсэн судалгаагаар цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт ажлын 8 цагийн зөвшөөрөх дээд хэмжээнээс 4 дахин өндөр байгаа нь тогтоогдсон байна. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан уул уурхайн компаниудын ажлын байрны 26 хувьд тоосны өртөлтийн түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр гарсан гэдгийг илтгэлдээ онцоллоо.

Харин Германы ФТХ-ийн төслийн  зөвлөх, АУ-ны доктор, Д.Нарансүх “Ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах үндэсний багц стандартууд, хөдөлмөрийн эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдол”-ын талаар мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл оролцогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан сэдвээр Германы Физик техникийн хүрээлэнгийн  зөвлөх Майкл Күүб илтгэл тавилаа. Тэрбээр “Германы туршлага:Ажлын байранд тоос бууруулах S-T-O-P зарчим”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг  өгөв.

Оролцогчдын зүгээс хувиараа бичил уурхай эрхэлж буй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа нь тулгамдаж буй асуудал хэмээн тодорхойлж байв. Түүнчлэн уул уурхайн компаниудын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэдэггүй, түүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаад шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байсан. Ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэлгүй байх нь ажилчдын эрүүл мэндийн асуудлаас гадна тухайн байгууллагын тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа доголдоход хүрдэг гэдгийг зарим мэргэжилтнүүд онцолсон. Тиймээс тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулахын тулд тоосны багц стандартыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, тоног, төхөрөөмж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа.

Өнөөдрийн цахим симпиозум хуралд зорилтод бүлгийн 200 орчим төлөөлөл хамрагдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (ФТХ)-тэй хамтран “Монгол Улсын  уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төслийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн эхний шатанд ажлын байран дахь тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчин(МШӨ)-ний урьдчилан сэргийлэлтийн шаардлагыг тогтоосон үндэсний стандартуудыг сайжруулах ажлыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ФТХ, Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд MNS 6654:2017, MNS 6656:2017, MNS 6657:2017, MNS 6658:2017 стандартуудыг  боловсруулж, тоостой холбоотой өвчний урьдчилан сэргийлэлтэд мөрдөж байна.

Эдгээр багц стандарт нь ажлын байран дахь тоосноос ажилтны эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх, тоосны өртөлтийг хэмжиж, шинжлэх арга, өртөлтийн зэрэглэлийг тодорхойлох, ажилтны эрүүл мэндийг тандан хянах, амьсгал хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээ, тоосоор үүсгэгдэг өвчний урьдчилан сэргийлэлт зэрэгт тавигдах нийтлэг шаардлагуудыг Европын холбоо болон бусад орнуудын жишигт нийцүүлэн тогтоосноороо ач холбогдолтой юм.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ