“Хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна”

2021-04-30

Ажлын байрны сэтгэлзүй-физиологийн сөрөг хүчин зүйлс түүнээс шалтгаалсан эмгэгүүд, урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах зорилгоор ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “АЖЛЫН БАЙРНЫ СЭТГЭЛЗҮЙ-ФИЗИОЛОГИЙН СӨРӨГ ХҮЧИН ЗҮЙЛС ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт цахим сургалтыг /2021.04.30/ зохион байгууллаа.

Цахим сургалтаар

-Ажлын байрны биеийн хүчний болон сэтгэлзүйн хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт-ХАБЭМТ-ийн эрүүл ахуйч: Г.Болортуяа

-Ажлын байрнаас шалтгаалсан сэтгэцийн эмгэг-ХАБЭМТ-ийн Эмчилгээ-чанарын менежер: Ц.Сансарцэцэг

-Ковид-19 ба сэтгэлзүйн нөлөөлөл- СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч: Б.Батцэцэг

-Ажилтнуудад тохиолдох сэтгэл түгшил, сэтгэл гутрал-СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч: Б. Нацагсүрэн

-Ажлын байрны стресс, давах туулах менежмент-СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч: Х.Эрхцэцэг

-Алжаал ядаргааны эрсдэлийн удирдлага- “Оюу толгой” ХХК-ий  сургагч багш:

Д.Эрдэнэмандал зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Тухайлбал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Б.Батцэцэгийн илтгэлд дурьдсанаар ковидын нөхцөл байдалд хүмүүс аль болох дуртай зүйлээ хийх, өөртөө цаг зав гаргах, дасгал хөдөлгөөн хийх, сошиол мэдээлэлд шүүлтүүртэй хандах, хоногийн нойроо сайн авах зэрэг зөвлөгөөнүүдийг өгч байв. Мөн ажиллах орчны хувьд цонхны хажууд буюу нар туссан газар сууж ажиллах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдгийг онцолсон. Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2020 оны 11 дугаар сарын хөл хориотой холбогдуулан судалгаа авсан байна. Ингэхэд хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын 1 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гэх судалгаа гарчээ.  

Оролцогчдын хувьд цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа цаг үеэ олсон чухал сургалт боллоо гэдгийг онцлохын зэрэгцээ дахин энэ чиглэлийн сургалт авах хүсэлтээ илэрхийлж байсан юм. Түүнчлэн зөвхөн ковидын нөхцөл байдал бус ерөөс энэ чиглэлийн сургалт, мэдээллийг ажилтан болоод ажил олгогчдод хүргэх хэрэгцээ шаардлага байгаа нь харагдаж байв.

Сургалтын төгсгөлд ХАБЭМТөвийн газрын дарга Г.Нямдэжид хэлсэн үгэндээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллагууд нь ХАБЭА-н хууль, тогтоомж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг түгээх, соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй чухал нэгжүүд. Эдгээрийн төлөөлөлд дээрх сэтгэл зүйн физиологийн талаарх сургалтыг явуулж буй нь ач холбогдолтой гэж харж байна. Ажилтан хүний эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтарч ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлье. Цаашид бидний харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотголоо.

Манай улсад биеийн хүчний болон мэдрэл сэтгэхүйн эрсдэлийг илрүүлэх, үнэлэх MNS 5106:2001, MNS 5107:2001 стандартыг баримтлан ажиллаж байгаа ч 2020 оны байдлаар манай улсын ажиллах хүчний индекс Европын холбооны үзүүлэлтэй харьцуулахад физик орчин (Эргономик, доргион, дуу чимээ, температур)  12 оноогоор дутуу, ажлын ачаалал (ажлын хурд, сэтгэлзүйн ачаалал)  2 оноогоор бага үнэлэгдсэн.  

Мөн Монгол улсын үндэсний хэмжээний сэтгэлзүйн тулгамдсан асуудлын судалгааг 2013 онд хийсэн ба оролцогч нийт хүн амын 63% нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай, насны ангилалаар хөдөлмөрлөх насны 30-54 насны хүн амын дунд сэтгэцийн эмгэг өвчлөлийн түвшин хамгийн өндөр үзүүлэлтэй гарсан. Ажлын байранд ажилтны мэдлэг чадвараас хэт давсан дарамт, ажлын ачаалал, хурд, ажлын тохиромжгүй нөхцөлүүд зэргээс шалтгаалсан ажлын байрны стресс нь ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэнд, ажлын чанар гүйцэтгэлд нөлөөлдөг гэж үздэг. Иймд хөдөлмөр эрхлэх нийт ажилтнуудын дундах сэтгэлзүйн тулгамдсан асуудлын нөлөөлөх хүчин зүйлүүдийг нарийвчлан тодорхойлж, бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжилтийг ханган ажиллах шаардлагатай юм.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. Энэхүү сарын аяны хүрээнд уг цахим сургалтыг явууллаа. Сургалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын төвүүдийн сургагч багш, ХАБЭМТөвийн эмч мэргэжилтнүүдийн 300 орчим төлөөлөл хамрагдав. 

Хамтран зохион байгуулагчаар

  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
  • “Оюу толгой” ХХК
  • Итгэл сургалтын төв ажиллалаа. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ