Уул уурхайн салбарт тоосжилтын шалтгаант мэргэжлийн өвчнүүд илүүтэй тохиолдож байна

2021-11-03

Монгол хүний насжилт олон улсын дунджаас бага тэр тусмаа өндөр эрсдэлтэй салбар буюу үйлдвэр, уул уурхайн салбарт ажиллагсадын хувьд ажлын байрны орчин нөхцөлөөс хамаарч мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр эрт өвдөх, цаашлаад хавдар, нас баралтын гол шалтгаан болж байна гэдгийг хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарынхан онцолж байна.

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран  МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧИН - ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТООС БА ТООСЖИЛТЫН ШАЛТГААНТ ӨВЧНҮҮД” сэдэвт цахим болон танхим хосолсон сургалтыг  /2021.11.03/-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Сургалтаар Тоос, тоосжилтын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, Уушгины хавдар, оношилгоо, эмчилгээ, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт, хяналт, Химийн бодисын шалтгаант цочроогч, амьсгал боогдуулагч бодисын архаг хордлого, урьдчилан сэргийлэлт, ААНБ-ын тоос, тоосжилтын өртөлт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, зэрэг онцлох сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Монгол улсын хэмжээнд уул уурхай, барилга, зам тээвэр, хүнд үйлдвэрлэлийн салбарын эрчимтэй хөгжилтэй зэрэгцэн ажлын байрны сөрөг хүчин зүйлүүд нэмэгдэж, хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийг үнэлэх бууруулах, хяналтыг сайжруулахад хууль эрхзүйн бодлого зохицуулалт, дүрэм журам, стандартуудыг аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөн хэрэгжүүлж байгаа ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоо тогтвортой буурахгүй байна.

Тухайлбал, 1967-2020 оны хооронд Монгол улсад 10069 даатгуулагч иргэд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон байна.  Үүнээс тоос, тоосжилтын шалтгаанаар 5856 буюу 58.1 хувь нь мэргэжлээс шалтгаалсан амьсгалын эрхтний өвчлөл бүртгэгджээ. 2020 оны байдлаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтад 2961 иргэн хөдөлмөрийн чадвар алдалттай идэвхтэй хяналтад байгаагаас 1573 буюу 53.1 хувь нь амьсгалын замын өвчлөл эзэлж байгаа юм. Үүнийг салбараар нь авч үзвэл 72.2 хувь нь уул уурхай, 12.6 хувь нь барилга, 7.1 хувь нь цахилгаан, хий уур агааржуулалтын салбарт тоосжилтын шалтгаант мэргэжлийн өвчнүүд тохиолдож байгаа юм.

2020 онд ХАБЭМТөвөөс Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 350 хүнд даацийн автомашины жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, 16 нэр төрлийн хүнд металл, тоосны өртөлтийг тодорхойлох хэмжилтийг хийсэн. Судалгаагаар цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 4 дахин өндөр, судалгаанд оролцсон уул уурхайн компаниудын ажлын байрны 26 хувьд тоосны өртөлтийн түвшин ЗДХ-ээс өндөр гарчээ.

Иймд ажлын байрны тоос, тоосжилтын шалтгаант амьсгалын замын эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тоосны өртөлтийг бууруулах хууль эрхзүйн бодлого зохицуулалт, дүрэм стандартын хэрэгжилтийг сайжруулах, ажил олгогч, ажилтнууд, эрүүл ахуйч, эмч нарыг сургалт мэдээллээр тогтмол, тасралтгүй хангах шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдсэн.

Сургалтад тоосны өндөр өртөлт бүхий уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын эмч, эрүүл ахуйч, аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд,  бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн эмнэлгүүд, урьдчилан сэргийлэх тасгийн эмч мэргэжилтнүүд, хөдөлмөрийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын төлөөлөл бүхий 200 гаруй хүн хамрагдлаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ