“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2021-11-10

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, тус төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан, Хяналт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Нямбаяр нар  2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зарим шаардлагатай ажлын байруудад хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, зөвлөмж хүргэх, Ажилтнуудыг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамруулах, дүгнэлт гарган зөвлөмж өгөх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн талаарх мэдээлэл зөвлөмж хүргэх ажлыг зохион байгуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар олон улсын сургалт, семинарт хамтран оролцох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Санамж бичиг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, УБЦТС ТӨХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх бодлого, зорилтыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөмж, үйлчилгээгээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэхэд хамтран ажиллахад оршино.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Холбоотой мэдээ