Асуулт хариулт

2021-04-22
  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг эрх бүхий ямар байгууллага хийдэг вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ.”-д заасан, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  А/223 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ын 2.1  дэх хэсэг “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэлтэй, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ.” гэж заасны дагуу итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага хийнэ.

  1.  Хэмжилт, шинжилгээний төлбөр хэд байх вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын  2019 оны 03-р сарын 04-ны өдрийн А/74 дугаар тушаал “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тарифыг шинэчлэн батлах тухай”-ын дагуу Төрийн үйлчилгээний байгууллага хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийнэ. Итгэмжлэл бүхий хувийн байгууллагууд жишиг болгон өөрсдийн үнэ тарифыг батлаж мөрддөг.

  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ач холбогдол?

Ажлын байрны хортой, аюултай хүчин зүйлээс эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдлэгтэй болох, цаашид, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг төлөвлөх. Ингэснээр ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэх, эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлэх, мэргэжлийн өвчнийг тогтоох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх ач холбогдолтой

  1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хэзээ, ямар ямар давтамжтай хийлгэх шаардлагатай вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг тус тус хийлгэнэ. .

  1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн бусаар үнэлэгдсэн ажлын байруудад ажил олгогч нь ямар арга хэмжээ авах вэ?

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэмжилт ,шинжилгээ нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандарт хэмжээнээс хэтэрсэн буюу хэвийн бусаар үнэлэгдсэн тохиолдолд хортой, аюултай хүчин зүйлийг бууруулах арилгах үүднээс шат дараалалтай арга хэмжээг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ нь ХАБЭА-н тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д  “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэж заасан байдаг.

  1. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд  ямар ямар ажлын байрууд хамаардаг вэ?

Нийгмийн хамаалал, Хөдөлмөрийн сайдын  2004 оны 05-р сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаал “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай”-д заасан ажил мэргэжлийн жагсаалтууд багтдаг.

Мөн Нийгмийн хамаалал, Хөдөлмөрийн сайдын  2007 оны 01-р сарын 25-ны өдрийн 12,  Нийгмийн хамаалал, Хөдөлмөрийн сайдын  2011 оны 02-р сарын 15-ны өдрийн  А/26 тушаал, Хөдөлмөрийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайдын хамтарсан 2016 оны 07-р сарын 06-ны өдрийн А/133, А/77 тушаал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 09 сарын 19-ны өдрийн А/296 тус тус тушаалуудад нэмэлт, өөрчлөлт орсон байгаа.

  1. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх ямар дүрэм журам байдаг вэ?

Хөдөлмөрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  А/223 тоот тушаалаар батлагдсан “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2016 оны “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх аргачилсан зөвлөмж батлах тухай”  01 дугаар тогтоолыг үндэслэн хийдэг.