МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2024-02-05 48
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгыг шинээр барих санхүүжилтийн асуудлыг 2022 оны улсын төсөвт суутган шийдвэрлэсэн билээ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байгаа юм. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ээлжит хуралдаанаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хуралдаж, 45 дугаар тэмдэглэлийг гаргалаа. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх уриатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН”-ыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, зөвлөмж гаргасан билээ. Тус зөвлөмжийн дагуу дараах тэмдэглэлийг гаргасан юм.
Тэмдэглэлд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын эмнэлэгт мэргэжлээс шалтгаалсан өвчний үзлэг хийх, сэргээн засах кабинет ажиллуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын шинэ эмнэлгийн үйл ажиллагааг 2024 оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэх талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт даалгав.
Эмнэлгийн барилга нь хэвтэн эмчлүүлэх болон нөхөн сэргээх тасгуудтай орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3-р шатлалын эмнэлэг болох юм.
Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэх үйлчлүүлэгчид олон байдаг учраас хэвтэн эмчлүүлэх тасагтай болж байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

МЭРГЭЖЛИЙН ӨВЧИН СУДЛАЛЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ 2024 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн барилгыг шинээр барих санхүүжилтийн асуудлыг 2022 он

2024-02-05

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.