“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа МҮЭСТөв ордонд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны зөвлөх Г.Эрдэнэтөгс болон бусад аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Энэ жил “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨХЦӨЛД ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” уриан дор улс орон даяар зохион байгуулж байна. Сарын аяны хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийх юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт халуунаас үүдэлтэй стресс бухимдал, нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол, томоохон үйлдвэрлэлийн осол, цаг агаарын эрс тэс байдал, халдварт өвчин, химийн бодисын нөлөөнд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Манай улсад сүүлийн 5 жилийн байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 1749 тохиолдол бүртгэгджээ. 2023 оны байдлаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдсэн бол 57 хүн нас барсан байна.
2023 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 408 тохиолдол бүртгэгдсэн нь дээрх 7 салбарт 316 тохиолдол буюу 77.4 хувийг эзэлж байна.
1. Уул уурхай, олборлолт-103
2. Тээвэр болон агуулахын үйл ажиллагаа-41
3. Боловсруулах үйлдвэрлэл-39
4. Үйлчилгээний бусад үйл ажиллагаа-38
5. Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал-37
6. Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа-30
7. Барилгын салбарт 28 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Мөн 2023 оны байдлаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгт 2593 өвчтөн мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад байна. Энэ онд шинээр 60 иргэн мэргэжлээс шалтгаалсан өвчний оноштой бүртгэгдсэн байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг салбараар нь авч үзвэл уул, уурхай олборлолт, барилгын салбар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарт хамгийн өндөр тохиолдлууд бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчний 1333 тохиолдол бүртгэгдээд байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр эрсдэлтэй ажлын байрны аюулгүй ажиллагааны үзэсгэлэн болон гадна талбайд тээврийн хэрэгсэл, механизмын аюулгүй ажиллагааны үзүүлэх сургалтууд тус тус боллоо.