АНУ-ын Хөдөлмөрийн яамны урилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга С.Зулпхарын ахалсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал /ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн/, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхдөл,
ХНХЯамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, тус яамны Салбарын хяналтын ахлах шинжээч М.Ууганбаяр, Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Болортунгалаг нарын бүрэлдэхүүн АНУ-д ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатыг АНУ-ын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлагийн орлогч дарга Тимоты Ваткинс хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, тэр дундаа уул уурхай дахь осол эндэгдлийг бууруулах асуудлаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат ХАБЭМТөвийн мэргэжлийн өвчин судлалын эмч, эрүүл ахуйч нарыг сургалтад хамруулах санал тавьж, тус агентлагийн зүгээс дэмжихээ илэрхийллээ.
Монгол Улсын уул уурхайн салбар болон бусад аж үйлдвэрийн салбарт ажилтан хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсан.
Энэ хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад талууд хамтран ажиллах юм.