Төвийн даргын мэндчилгээ

 МЭНДЧИЛГЭЭ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1967 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаар тушаалаар “Улсын мэргэжлийн өвчний диспансер” нэртэй байгуулагдсан билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/137 тоот тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв”-ийн дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн баталж 5 газар, 7 хэлтэстэй төрийн үйлчилгээг тасралтгүй, хэвийн явуулж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдсээр ирсэн. Энэ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн ослын тохиолдлыг бууруулах, ослыг тэглэх, ХАБЭА-н стандарт хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах замаар эрүүл аюулгүй ажлын байрны орчныг бүрдүүлэх, ажил олгогчийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх  чиглэлээр ажиллаж байна.  Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг батлан аюулгүй байдлыг нэн түрүүнд тавьж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийн механизмыг тодорхой болгон шийдвэрлэж, арга хэмжээг урт  хугацаанд төлөвлөн ажиллаж байна.

Бид ажиллагсдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангаж, ажил олгогчид, ажиллагсад өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.  Тиймдээ ч төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгох нь чухал гэж харж байгаа юм. Тиймээс эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгохын тулд ажил олгогч болон ажилтны идэвхтэй оролцоо, нийгмийн түншлэгч талуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нэн чухал.

Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, иргэдийн хувийн соёл, аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх, сургалтын байгууллагуудын сургалтын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнуудыг нөхөн сэргээх, сувилах зэрэг олон арга хэмжээнүүдийг шат шатандаа төлөвлөн, хэрэгжүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийг нягтруулж хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар зорьж байна.

Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, хөдөлмөрийн хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

© 2024 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.